Энтертайнмент
АНУ-ын сэргээштэй тэмцэх байгууллагын тэргүүн Валиеваг зориуд хориотой эм хэрэглэсэн гэж үзэж байна
АНУ-ын сэргээштэй тэмцэх байгууллага USADA (United States Anti-Doping Agency)-ийн гүйцэтгэх захирал Трэвис Тайгарт уран гулгалтын 15 настай тамирчин Камила Валиеваг тойрсон дуулианы талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр хүч чадлыг нь нэмэгдүүлэхийн тулд Валиевад хориотой эм зориуд өгсөн гэж үзэж байгаагаа өчигдөр CNN сувагт ярьсан байна.
Арванхоёрдугаар сард Оросын залуу тамирчнаас авсан шинжилгээгээр зүрхний үйл ажиллагааг дэмждэг гурван төрлийн эм илэрсэн юм.
Тэдгээрийн нэг болох триметазидинийг Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Байгууллага WADA хориотой эмийн жагсаалтад оруулсан байдаг.
Нөгөө хоёр эм нь гипоксен (hypoxen), L-Carnatine байжээ.
Эдгээр нэмэлт эмүүд сэжгийг улам лавшруулахад хүргэж байгааг Тайгарт тайлбарласан байна.
“15 настай хүүхэд ингэж чадах уу гэдэг нь асуудлын гол юм. Хүч чадал, тэвчээрээ сайжруулахын тулд хориотой эмийг бусад төрлийн эмийн бодисуудтай хольж хэрэглэх боломж, мэдлэг, санхүүгийн эх үүсвэр түүнд бий гэж үү?” гэж тэр ярьжээ.
Дээр дурдсан эмүүдээс зүрхний хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулдаг гипоксен эмийг хориотой эмийн жагсаалтад оруулах саналыг 2017 онд USADA гаргаж байсан юм байна.
Тайгартын үзэж байгаагаар 2.1 нанограмм хэмжээтэй триметазидин, бусад нэмэлт бодисуудын хамт Валиевагийн сорьцоос илэрсэн нь үүний цаана “ямар нэг ноцтой асуудал” байгаагийн шинж гэнэ.
“Биеийн хүч чадлыг нэмэгдүүлэхийн тулд л эдгээрийг хамтад нь хэрэглэдэг. Энэ нь Валиевад итгэх аргагүй болгож байна” гэж тэр ярьжээ.
Эх сурвалж: CNN