Засгийн газар
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн сонгон шалгаруулалтыг энэ сард хийхээр болжээ
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг шууд гэрээ байгуулах концесст оролцогчийн сонгон шалгаруулалтыг энэ хоёрдугаар сард багтаан дуусгахаар болжээ.
Концессийн гэрээг байгуулж барилгын ажлыг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан эхлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт үүрэг болгов.
Тус чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн, Жининь-Хөх хот-Бугат /1,722 км/ тээвэрлэлтийн маршрутыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат /1,404/ болгон өөрчлөх нь төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломж бүрдэнэ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2021 онд боловсруулсан техник эдийн засгийн урьдчилсан судалгаагаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь нийт 269 км урттай, хоёр өртөө, хоорондын зам дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөгдөж, Зүүнбаян өртөөнд холбогдохоор урьдчилан тооцоолжээ.
Төмөр замыг 2022 оны аравдугаар сард ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.