Улс төр
Сэбастиен Сүрүн: Франц, Монгол хоёр нийтлэг зүйлс ихтэй улсууд
-Таны намтраас харахад Зимбабве, Иран, Индонез, ХБНГУ зэрэг газар зүйн байршил, уур амьсгал, соёл иргэншлийн хувьд эрс ялгаатай орнуудад ажиллаж байжээ. Энэ удаа ч гэсэн өмнө нь ажиллаж амьдарч байсан орнуудаас огт өөр оронд томилогдон ажиллаж байна. Ямар сэтгэгдэл төрж байна даа?
-Мэдээж, соёлын ялгаа байлгүй яахав. Гэхдээ бүхий л улс орон болоод хүн төрөлхтөнд нэг нэгэнтэйгээ найрсаг харилцах, бие биенээ хүндэтгэх, хүндэтгэлийн зоог барих гэх мэт нийтлэг соёл байдаг. Монголд ирэхээсээ өмнө Ази тивийг тэр тусмаа төв Азийг тодорхой хэмжээнд мэддэг байсан. Улаанбаатар бол Азийн бусад хоттай ижил өнгө төрх, хэв маягтай хот. Би хот дотор ихэнхдээ явган явах дуртай. Монгол Улсын буюу нүүдэлчдийн хот гэхээр хүмүүст арай өөр зүйл санаанд нь буудаг байх л даа.
Гэхдээ бодит байдал дээр Азийн өндөр хөгжилтэй орны хотуудтай л адилхан. Миний анзаарснаар монголчууд их хөгжимлөг ард түмэн юм байна. Монгол хөгжим аялгуулаг, тэр тусмаа Монголын дуурийн дуучид, “The Hu” хамтлаг болоод алдартай поп дуучдаас нь харахад хөгжим ихэд хөгжсөн нь мэдэгддэг. Мэдээж, өөрийн улсаас огт өөр оронд ажиллаж, амьдрах явцад гайхаш төрүүлэх зүйлс заримдаа тохиолдоно. Харин Монголын хувьд тэдгээр гайхаш төрүүлсэн тохиолдол нь дандаа эерэг, сайхан зүйлс байсан. Тиймээс би Монголд ажиллаж, амьдарч байгаадаа баяртай байна.
-Хамгийн их гайхаш төрүүлж байсан зүйл нь юу байсан бол?
-Яг шууд тэр л миний гайхашлыг хамгийн их төрүүлсэн дээ гээд тодорхой хэлэх боломжгүй байна. Би Монголд ирэхээсээ өмнө энэ улсын талаар өөрийнхөө хэмжээнд нэлээд сайн судалсан. Хэдийгээр мэдэхгүй олон зүйлтэй өдөр тутамдаа тулгардаг ч энэ бүхэн нь дандаа сайн сайхан, эерэг зүйлс байдаг.
Олон жилийн өмнө Монголоор аялж байсан зарим хүмүүс надад “Байгаль нь гайхамшигтай. Харин нийслэл нь бол сонирхол татахаар биш” гэж ярьдаг байсан. Өөрөө ирээд ажиллаж, амьдрахад харин ч эсрэгээрээ санагдаж байна. Тиймээс Улаанбаатар хотод ирж түр оршин сууж буйдаа баяртай байгаа.
-Та ажлынхаа хажуугаар юунд цаг гаргах дуртай вэ?
-Ажлынхаа хажуугаар өөр зүйлд зарцуулах цаг тэр бүр гардаггүй. Учир нь, ажлын цаг дууссаны дараа ихэнхдээ хүлээн авалт, арга хэмжээнд оролцох шаардлагатай болдог. Гэхдээ би ийм завгүй ажлын хэмнэлдээ сэтгэл хангалуун байдаг. Харин цуглуулганы тухайд гэвэл ном цуглуулах дуртай. Олон мянган номноос бүрдсэн цуглуулга маань Парист бий. Өөрийн цуглуулганаас санаандгүй байдлаар нэг хоёр ном сонгож уншаад тухайн номнуудад гарч байгаа сэдвүүдийг хооронд нь ямар нэгэн байдлаар уялдуулж бодох дуртай. Энэ нь нэг талаасаа оюун санааг амраадаг. Түүнчлэн ажлаасаа гадна аялах, утга зохиолын ном унших, спортоор хичээллэхэд хамгийн их цаг зарцуулдаг.
-Монголд ирснээсээ хойш аялсан уу?
-Ирснээсээ хойш Улаанбаатараас хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, Орхоны хөндий болон Архангай аймгийн урд сумдуудаар аялсан. Түүнчлэн Улаанбаатар хотын оршин суугчийн хувьд Тэрэлж рүү хэд хэдэн удаа явсан. Тэрэлж рүү яваад буцаж ирэхдаа засмал замаар биш, шороон замаар явах дуртай. Улаанбаатараас зүүн урд зүгт одон орон геопизикийн төвд хамаардаг станц байдаг. Тэнд мөн очиж үзсэн. Хотоос гарах боломж л олдвол явахыг хичээдэг ч миний байх ёстой гол газар Улаанбаатар учраас ихэнх цагаа л хотод өнгөрөөж байна даа.
-Манай улсад ажиллаж, амьдрахад тулгарч буй бэрхшээлээс нэрлээч гэвэл та юуг нэрлэх вэ?
-Тулгамдаж буй хоёр чухал асуудал байна. Энэ бол агаарын бохирдол, авто замын түгжрэл. Энэ хоёр асуудал ямар нэгэн байдлаар хоорондоо уялдаатай гэж би бодохгүй байна. Агаарын бохирдолд автомашины ялгаруулж буй утаа тийм ч их хувь эзлэхгүй болов уу. Би хурал, уулзалт руу ихэнхдээ алхаад явчихдаг учраас замын түгжрэл бол миний өдөр тутамын амьдралд шууд нөлөө үзүүлдэггүй гэж хэлж болно. Гэхдээ Улаанбаатарын олон мянган иргэн замын түгжрэлд өдөр тутамдаа маш их цаг зарцуулж байна.
Харин миний хувьд замын түгжрэлээс илүүтэйгээр агаарын бохирдлыг нэн яаралтай шийдвэрлэх асуудал гэж бодож байна. Хэн хаана амьдардаг, ямар машинтайгаас үл хамааран агаарын бохирдол хүн бүрийн эрүүл мэндэд асар их сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ асуудал удаан үргэлжилвэл хувь хүний эрүүл мэндэд асар муу нөлөөтэй. Агаарын бохирдлоос үүдэлтэй иргэдийн өвчлөл нь цаашид улсын эдийн засагт ч маш их сөрөг үр дагавар авчирна. Хэдийгээр замын түгжрэлд зарцуулж буй цаг хугацаа үнэтэй ч эрүүл мэнд бүхнээс эрхэм.
– Хоёр улсын харилцааны хамгийн чухал үндсийг та юу гэж бодож байна вэ?
-Энэ сарын 17-нд манай хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болсон. Энэ уулзалтаас харж байхад манай хоёр улс аль аль нь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх адилхан хүсэл эрмэлзэл, зорилттой байна. Энэ хамгийн чухал. Манай хоёр улс хоёулаа ардчилсан улсаас гадна баялаг түүхтэй. Үүнээс гадна Франц, Монгол Улсууд дэлхий нийтэд тулгамдаж буй чухал асуудлууд дээр нийтлэг байр суурьтай байгаа. Жишээлбэл, уур амьсгалын өөрчлөлт, ардчилалыг бэхжүүлэх, сурталчлах, Монголын оршиж буй бүс нутаг болох Энэтхэг Номхон далайн бүсийн улс орнуудын бие даасан, тэнцвэртэй байдлыг бэхжүүлэх зэргийг дурдаж болох юм. Энэ нийтлэг байр суурь нь манай хоёр орны харилцааны гол үндэс юм.
Түүнчлэн түүхийн талаасаа ч манай хоёр улсад төстэй зүйл олон байдаг. Манай өвөг дээдэс болох галльчуудын сэтгэлгээний өвөрмөц байдал болон хандлага одоогийн француудад ажиглагддаг. Монголчуудад ч гэсэн өвөг дээдсээс нь өвлөж үлдсэн зан чанар бий. Энэ байдлаараа монгол болон франц хүмүүс ихээхэн төстэй. Галльчууд их эрэмгий, дайчин ард түмэн байсан бөгөөд ганц хүнээр захиргаадуулах дургүй байж. Тэд бас үнэхээр найрсаг ард түмэн байсан. Энэ зан чанар өнөөгийн француудад өвлөгдсөн. Монголчуудад ч гэсэн ийм зан, чанар ажиглагддаг.
-Элчин сайдын хувьд манай хоёр улс яг ямар салбарт хамтран ажиллавал илүү ирээдүйтэй гэж харж байна вэ?
-Миний өмнө ажиллаж байсан Элчин сайд нар цар тахлын өмнө үүрэг гүйцэтгэж байсан бол миний хувьд цар тахлын дараах үед ажиллаж байгаагаараа онцлог юм. Үүнтэй холбоотойгоор ажиллах арга барилаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байна. Өмнө нь төдийлөн онцгой ач холбогдол өгдөггүй байсан гэж хэлж болох олон улсын аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлууд сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд орж, чухал байр суурь эзэлж байгаатай холбоотойгоор энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар жилээс жилд улам хүрээгээ тэлсээр байна. Тиймээс энэ бол орхигдуулж болохгүй чухал асуудал. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ажиллах бодолтой байна. Монгол Улс бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц нь БНХАУ-ын эрчим хүчний хэрэгцээг бүхэлд хангахуйц гэж хэлж болно.
Яг энэ чиглэлээр Францын компаниудыг монгол түншүүдтэй нь ойртуулж, хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлтэй байна.
Намайг Элчин сайдаар томилогдож ирэхээс өмнө дээрх салбаруудад хийгдсэн олон ажил байгаа. Тиймээс эдгээр хамтын ажиллагаануудаа цаашид хурдацтайгаар ахиулахыг хичээх болно. Хөдөө аж ахуй тэр тусмаа мал аж ахуйн салбар Монголын нүүрс хүчлийн хийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа. Мал аж ахуйн салбарын ялгаруулж буй нүүрсхүчлийн хийг бууруулахын тулд дорвитой ажлууд хийх шаардлагатай. Тус салбарт манай хоёр улс олон жилийн өмнөөс хамтарч ажиллаж эхэлсэн. Төв аймагт франц үхрийн фермийн төсөл хэрэгжиж байгаа. Саяхан би уг фермээр зочилсон. Цаашид ийм төрлийн төслийг тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
-Хоёр орны худалдааны эргэлт хэчнээн ам.долларт эргэлддэг вэ. Монгол голчлон ямар бараа бүтээгдэхүүн экспортлож, эргээд Францаас юу импортлодог юм бол?
-Хоёр улсын худалдааны эргэлт, экспорт, импортын бүтээгдэхүүний талаар тоо баримт ярихад их төвөгтэй. Гэхдээ жилийн ерөнхий дүнгээр Францаас Монгол руу 25 сая орчим евро, Монголоос Франц руу зургаан сая орчим евроны худалдааны эргэлттэй гэсэн дүн байдаг. Францаас нэг ноолууран хувцас худалдаж авлаа гэж бодьё л доо. Ноолуур нь Монголынх ч хоёрдогч оронд боловсруулагдаад, гуравдагч оронд үйлдвэрлэгдээд Францад зарагдаж байх жишээтэй.
Хэдийгээр Монголд Францын алдартай олон брэнд худалдаалагддаг ч тэдгээр бүтээгдэхүүнүүд Оросоос орж ирсэн байх тохиолдол олон. Тэгэхээр тухайн франц бүтээгдэхүүнийг Оросоос импортлосон болохоор манай хоёр орны худалдааны эргэлтэд тооцогддоггүй. Жишээлбэл, Монголд шинээрээ импортлогдсон анхны автомашинуудын нэг болох “RENAULT” брэндийг дурдаж болох юм. Мөн л Орос дахь үйлдвэрээсээ импортоор ирдэг. Францаас шууд болон шууд бусаар импортоор орж ирж буй бүтээгдэхүүний дийлэнх нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдхүүн болоод техник, тоног төхөөрөмж байдаг.
Харин Монголоос Франц руу экспортлодог бүтээгдэхүүн тийм их байдаггүй ч Монголын ноолуур бол манай тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн дунд их нэр хүндтэй. Боловсруулсан ноолуур болон нэхмэлийн утас хэлбэрээр худалдаалах нь бий. Франц улсын хувьд бусад орны адилаар экспорт, импортдоо ач холбогдол өгдөг ч өөрийн орны технологийг бусад улсад түгээхэд ихээхэн анхаардаг.
-Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзах үеэрээ нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй төслийг эрчимжүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийлсэн байсан. Хэрхэн яаж дэмжихээр төлөвлөж буй талаараа мэдээлэл өгөөч?
– Энэ асуудлаар би Улаанбаатар хотын захирагч болоод Дэд бүтэц хариуцсан орлогчтой нь уулзсан. Бид Улаанбаатарын нийтийн тээврийн сүлжээнд дүүжин тээврийн төрлийг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр зорин ажиллаж буй. Уг төслийг хоёр орны Засгийн газар дэмжээд Монгол Улсын УИХ баталсан. Төсөлтэй холбоотой судалгаа, шинжилгээнүүд хийгдээд дуусаж байна. Уг төсөл дээр ажиллаж буй Францын компаниуд хэдийнээ хөрөнгө оруулаад эхэлсэн. Дүүжин тээврийн хоёр шугам барихаар төлөвлөж байгаа. Эхний шугамын чиглэл буюу маршрутыг “Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хавсралтаар баталчихсан.
Монголын талаас дээрх чиглэлийг өөрчлөх тухайгаа Францын талд албан ёсоор илэрхийлээгүй байгаа. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлачихсан шугамын чиглэлийг өөрчлөх тохиолдолд талууд бие биеэндээ албан ёсны хүсэлт тавих ёстой. Мөн урьд нь хийгдээд дуусчихсэн судалгаа зэрэг бүх ажлыг дахин шинээр хийх шаардлагатай болно.
Одоогоор хотын алслагдсан бүсээс төв хүрэхэд дунджаар нэг цаг орчим хугацаа зарцуулдаг бол дүүжин тээврийг үйлчилгээнд нэвтрүүлснээр нэг цагийг 17 минут болгож бууруулна гэсэн судалгаа гарсан. Минут тутамд нэг автобус ирж буйтай адил юм. Энэ тээвэр өөрөө түгжрэлд өртөхгүй, байгальд ээлтэй, газрын хөрсөн дээр томоохон барилга байгууламжийн ажил хийгдэхгүй гэдгээрээ онцлогтой. Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрууд хэлэлцээр байгуулаад хоёр жил болох гэж байна. Гэхдээ мэдээж цар тахалтай холбоотойгоор төлөвлөсөн ажлууд удааширсан. Тиймээс алдсан цаг хугацаагаа нөхөж, богино хугацаанд ажил хэрэг болгоно гэж найдаж байна. Ингэж чадвал дүүжин тээврийн эхний чиглэлийг 2024 оноос хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой.
-Дүүжин тээврийг яг хот дундуураа тавьж, түгжрэлийн асуудлаа шийдсэн жишээ Францад байдаг уу. Цанын бааз, амралтын газруудад ч өргөнөөр ашиглагддаг шүү дээ. Төслийн гүйцэтгэгчээр Францын “Poma” компани ажиллана гэж байсан. Гүйцэтгэгч нь хэвээрээ юү?
-“Poma” групп энэ төсөл дээр эхэлсэн цагаас нь хойш тасралтгүй ажиллаад хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа. Францын уулархаг бүсүүд буюу Альпийн нуруу зэрэг нутгийн суурин газруудад дүүжин тээврийг нийтийн тээвэртээ ашигладаг. Дэлхийн бусад томоохон хот ялангуяа замын түгжрэлийн асуудал хурцаар хөндөгдөж байсан Латин Америкийн орны хотууд дүүжин тээврийг нийтийн тээвэртээ өргөнөөр нэвтрүүлсэн. Дүүжин тээвэр өртөг багатайгаас гадна аюулгүй байдлыг бүрэн хангасан нийтийн тээврийн төрөл юм.
Тус тээврийг Колумби хот нийтийн тээвэртээ маш ухаалгаар нэвтрүүлж оршин суугчдынх нь амьдарлыг ихээхэн өөрчилж чадсан жишээг би нүдээрээ харсан. “Poma” группийн Монголтой хамгийн ойрхон хэрэгжүүлсэн төсөл нь ОХУ-ын Нижний Новгородод бий. Хотын төвөөр нь өргөн гол урсдаг тул уг голын хоёр эргийг холбох нийтийн тээвэр байгуулах шаардлага үүссэн. Тэгээд дүүжин тээвэр сонгож “Poma” групп уг төслийг гүйцэтгэсэн.
-Дүүжин тээврээс гадна хоёр орны Засгийн газар хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ямар ямар төсөл, хэлэлцээ яригдаж байгаа вэ?
-Дүүжин тээврийн төслөөс гадна, одоогоос 25 гаруй жилийн өмнө эхэлсэн уул уурхайн салбарын төслийг дурдмаар байна. Францын Орано группийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг төсөл сүүлийн жилүүдэд ахицтай урагшилж байна. Туршилтын үйлдвэрлэл эхэлсэн. Орано группийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтэй байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлж, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх боломж бүрдэх юм. Орано группийн хувьд Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулаад удаж байна.
Магадгүй Монгол Улсын уул уурхайн салбарт хийгдсэн анхны томоохон хөрөнгө оруулалтуудын нэг ч байж магадгүй. Өмнө нь хайгуулын ажил өрнөж байсан бол одоо олборлолтын шатандаа шилжиж байна. Энэ бүх хугацаанд Дорноговь аймагт ажиллаж ирсэн тус компаны ажилтнууд тэр нутгийн малчдын ууж буй уснаас ууж, идэж буй махыг идэж, сүү цагаан идээнээс хэрэглэсээр өнөөг хүрсэн. Хүмүүсийн дунд Орано группийн үйл ажиллагаатай холбоотой буруу ойлголт их байдаг. Гэхдээ энэ бол үнэн зөв мэдээлэл хангалттай байгаагүйгээс улбаатай.
Бид энэ төсөл дээр илүү үр дүнтэй ажиллаж, улам хөгжүүлэх хэрэгтэй цаг үе дээр ирээд байна. Франц болон Орано группын зүгээс Монгол Улсыг ураны нөөцөө ашиглаж, цөмийн үйлдвэрлэгч чухал улс болоосой гэж хүсэж буй. Харин бусад салбарт хэрэгжүүлж буй төслүүд Монгол Улсын бие даасан байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа. Тухайлбал, манай хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийг дурдаж болох юм. Төслийн хүрээнд Монголын Онцгой байдлын газар агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах нэгжтэй болж байгаа. Үүнээс гадна сэргээгдэх эрчим, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих төслүүд хэлэлцээний түвшинд явж байна.
-Франц, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод 56 жил болжээ. Таны бодлоор хоёр улсын харилцаа одоогоор яг ямар түвшинд байна вэ?
-Манай хоёр улс хоёр талт харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч амбицтай буюу ихээхэн хүсэл эрмэлзэлтэй ханддаг. Ялангуяа одоогоос 30 гаруй жилийн тэртээ Монгол Улс ардчилалын замыг сонгож нээлттэй чөлөөт зах зээлтэй улс болсон нь манай хоёр улсын харилцаа улам ойртож, хөгжих гол хөшүүрэг болсон. Энэтхэг Номхон далайн бүсэд бие даасан, аюулгүй байдлыг улам бэхжүүлэх гэдэг утгаараа Францын зүгээс тус бүсэд оршиж буй Монголын бие даасан байдлыг дэмжиж ажиллахыг эрмэлзэж байна.
Түүнчлэн Монгол Улс Францыг “Гуравдагч хөрш” хэмээн сонгосон. Энэ бол хоёр улсын харилцаагаа улам ойр дотно байлгахын төлөө монголчуудын хийсэн сонголт гэж боддог. Би Монголд ирээд зургаан сар болох гэж байна. Энд ажиллаж амьдрахдаа дандаа эерэг сайхан зүйлтэй учирч буй талаараа ярилцлагын эхэнд дурдсан. Саяхан нэг монгол биологич эмэгтэй Францад нэг жилийн хугацаатай судалгааны ажил хийхээр явлаа. Тэрбээр амьтнаас амьтанд, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний талаар судлах юм.
Энэ мэтчилэн хоёр улсын хоорондох төсөл, судалгаа шинжилгээний ажлууд тасралтгүй үргэлжилсээр байна. Мөн Франц улс энэ оны эхний хагаст Европын холбоог тэргүүлж байгаа. Яг одоогоор Европын холбооны орнуудад тулгамдаж буй зарим асуудлууд Монголд ч, энэ бүс нутгийн бусад оронд ч мөн тулгарч байгаа нь олон зүйлээс харагдаж байна.
Та эхний асуултдаа Монгол Улс таны ажиллаж, амьдарч байсан орнуудаас юугаараа ялгаатай байна вэ гэж асуусан. Харин ярилцлагынхаа төгсгөлд улс болгон харилцан адилгүй ч бидэнд тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдэл нь адилхан байх тохиолдол тун их юм даа гэж хэлмээр байна.
Ц.ДАВАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН