Нийгэм
“Оюутолгой”-н уурхайд гарсан ослыг НУУН ДАРАГДУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Өмнөговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХХК-ийн уурхайд том оврын автомашин шатсан гэх хэргийг шалгаж эхэлсэн байна.
Гал энэ сарын 24-ний өдөр гарсан гэх бөгөөд болсон хэргийг уурхайн удирдлагуудын зүгээс нуун дарагдуулсан байж болзошгүй гэх мэдээлэл бий.
Учир нь гал гарсан даруйд тус компанийн Аюулгүй байдал гэнэтийн осолд хариу үзүүлэх багынхан ажиллаж галыг унтраасан боловч, галын нөхцөл байдлын тухай мэдээллийг албаныханд ирүүлээгүй аж. Харин энэ талаар нэр бүхий иргэн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, галын хэргийг шалгуулах хүсэлтээ өргөдлөөр өгсөн байна.
Иргэний өгсөн мэдээллийн дагуу Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг энэхүү галын хэргийг албан ёсоор шалгаж эхлээд байгаа юм.
Одоогоор ослын улмаас ноцтой гэмтэж бэртсэн хүн байхгүй ч уурхайн ажилтнуудыг хэргийн тухай гадагш мэдээлэл өгөхийг хориглоод байгаа гэх ба галын хэргийг цагдаагийн байгууллага тэр даруйд шалгах ёстой байсан ч ямар нэг хэрэг үүсгэж шалгаагүй байсан нь хардлага төрүүлж байна гэсэн юм.