Нийгэм
КОВИД-19-ийг лабораторид гаргаж авсан байх магадлалтай БАРИМТУУД олджээ
Дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан цар тахлын улмаас олон мянган хүн амь насаа алдаж, улс орнуудын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь өдгөө ч үргэлжилсээр байгаа билээ. Халдвар анх дэгдэж байх үеэс эхлэн уг вирусийг лабораторийн аргаар гарган авсан байж болзошгүй талаар зарим эрдэмтэд үзэж байсан ч тодорхой баримт, нотолгоо олдохгүй байсан юм. Тэгвэл вирусийн гарал үүслийг тогтоох чиглэлээр судалгаа эрхэлж байсан олон улсын эрдэмтдийн багийнхан уг таамаглалыг батлахуйц чухал баримтууд олдсон тухай мэдээлсэн байна.
Тодруулбал, АНУ-д төвтэй “Moderna” компанийн мэдэлд харьяалагдах генетикийн материалууд дотор КОВИД-19 вирустэй холбоотой зарим сэжүүр, мэдээллүүд хадгалагдаж байсан бөгөөд цар тахал анх дэгдэхээс гурван жилийн өмнө буюу 2016 оны хоёрдугаар сард тус компанийн зүгээс зохиогчийн эрх авах хүсэлт гаргасан уурган дахь генийн зарим кодууд өнөөгийн коронавирустэй таарч буй ажээ.
Тэдний үзэж буйгаар, коронавирус өөрөө байгалийн аргаар хувьсан өөрчлөгдөж, “Moderna” компанийн хөгжүүлсэн бүтцийн дараалалтай давхцах магадлал тун бага буюу гурван саяд нэг тохиох боломжтой үзэгдэл гэнэ. Иймд КОВИД-19-ийг хиймлээр гарган авсан байж болзошгүй талаарх таамаглалыг салбарын мэргэжилтнүүд онцгойлон анхаарч эхэлсэн бөгөөд генийн дараалал, код давхцаж байгаа явдал нь үүнийг батлах гол хүчин зүйл болсныг судалгааны багийн ахлагч, Орегоны их сургуулийн эрдэмтэн Баламурали Амбати мэдэгджээ. Түүнчлэн энэ чиглэлээрх нарийвчилсан судалгааг цаашид улам эрчимжүүлж, хөдлөшгүй нотлох баримтууд эрэлхийлэх төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр танилцуулсан байна.
Хятадын Ухань хотын лабораторид вирусийг гарган авсан байж болзошгүй талаар Америкийн хэвлэлүүдээр байнга гардаг. “The Wall Street Journal” сонин Хятад ковид-19-ийн талаар анх мэдээлэхээс өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сард Уханийн вирус судлалын лабораторийн эрдэмтэд хүнд өвдөн, эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлж байлаа. Гэсэн ч ийм мэдээлэл гарах бүрд Хятадын эрх баригчид няцаадаг юм. Түүнчлэн Хятадын Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн тэргүүн Юань Жимин хүн төрөлхтөнд вирусийг, ялангуяа шинэ төрлийн КОВИД-19-ийн халдвартай яг адил шинж чанартай вирус зо¬хиом¬лоор бүтээх нөөц боломж хараахан байхгүй гэж мэдэгдсэн байна. Түүнийхээр зарим мэргэжилтэн КОВИД-19-ийг зохиомлоор бүтээсэн гэж яриад байгаа ч үнэндээ ингэж вирус бүтээх нь хүн төрөлхтний боломжоос давж гарсан зүйл аж. “Хүн төрөлхтөн ийм вирус бүтээх хангалттай мэдлэг хуримтлуулсан гэдэгт би итгэхгүй байна” гэж Жимин онцолжээ.
Сүүлд ДЭМБ-ын шинжээчид БНХАУ-ын Ухань хотод ажилласан бөгөөд судалгааны тайландаа ковид-19-ийн гарал болон үүслийг тогтоож чадаагүй талаараа мэдээлсэн.
ДЭМБ болон Хятадын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар лабораториос алдагдсан байх магадлал маш бага бөгөөд вирус нь өөр зуучлагч амьтнаар дамжин тухайлбал, сарьсан багваахайнаас хүнд шилжсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. 2020 оны эхээр шинэ төрлийн коронавируснийн халдвар Ухань хотод ноцтой дэлгэрэх үед барууны хэвлэл мэдээллийнхэн энэхүү вирусийг Хятадаас үүсэлтэй, Ухань хотын амьд амьтны захад ямар нэгэн амьтнаас хүнд халдварлаж эхэлсэн хятадууд зэрлэг амьтны мах идсэнээс болж үүссэн хэмээн мэдээлж байлаа.
Харин 2020 оны хоёрдугаар сард Японы Асахи телевиз “Шинэ төрлийн коронавирус Хятад биш Америкаас эхтэй байж болзошгүй. Сүүлийн үед Америкт дэгдээд буй халдварт ханиадны улмаас олон мянган хүн амиа алдсан. Тэдний зарим нь КОВИД-19-өөр амиа алдсан байх магадлалтай” хэмээж байв. Ийнхүү хүн төрөлхтөн КОВИД-19-ийн гарал үүслийг болоод яг хэзээнээс хүмүүс уг вирусээр халдварлаж эхэлснийг тогтоож чадалгүй мухардалд хүрээд байгаа билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН