Covid-19
Германы иргэн ашиг олох зорилгоор 90 удаа коронавирусийн эсрэг вакцин тариулжээ
Вакцины гэрчилгээг бусдад худалдаж, ашиг олох зорилгоор Герман улсын иргэн коронавирусийн эсрэг вакциныг олон удаа тариулсан болохыг цагдаа нар илрүүлжээ.
Магдебург хотын 60 настай оршин суугч эрэгтэй Германы зүүн бүсийн Саксони мужийн дархлаажуулалтын цэгүүдэд нийтдээ 90 тун вакцин тариулсныг энэ сарын эхээр илрүүлсэн байна.
Түүнийг одоо вакцины гэрчилгээг зөвшөөрөлгүй авсан, хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт буруутган шалгаж байгаа гэнэ.
Хамгийн сүүлд тэр Эйленбург хотын дархлаажуулалтын төвд хоёр өдөр дараалан вакцин тариулах гэж ирээд баригджээ.
Өөр өөр үйлдвэрлэгчийн вакцины олон тунг нэг хүн тариулахад тухайн хүний биед ямар нөлөөтэйг тогтоогоогүй байгаа гэнэ.
Германы иргэдийн зарим хэсэг нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг хүсэхгүй байгаа ч вакцины гэрчилгээтэй болох сонирхол өндөр байгаа нь ийм төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа ажээ.
Гэрчилгээтэй хүмүүст олон төрлийн үйлчилгээний газруудад нэвтрэх эрх олгогддог.
Ням гарагаас эхлэн Герман улс цар тахалтай холбоотой олон хорио цээрийн арга хэмжээнүүдээ цуцалж, амны хаалт зүүх зэрэг цөөхөн шаардлагыг үлдээсэн юм. Тухайлбал тус улсын 16 муж даяар нисэх онгоц, төмөр замын холын аялалд амны хаалт заавал зүүхийг шаардаж байгаа.
Харин компани, үйлчилгээний байгууллагууд иргэдээс амны хаалт шаардах эсэхээ өөрсдөө шийддэг болжээ.
Германы иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 63 хувь нь олон нийтийн газарт сайн дураараа амны хаалт зүүх бодолтойгоо илэрхийлсэн бол 29 хувь нь зүүхгүй гэж хариулжээ.
Эх сурвалж: Associated Press