Энтертайнмент
Криштиану Роналду үзэгчийн утсыг эвдсэн гэх хэргийг цагдаагийнхан шалгаж байна
“Манчестер Юнайтед” багийн довтлогч, алдарт хөл бөмбөгчин Криштиану Роналду тэмцээнд хожигдсоныхоо дараа уурандаа хөгжөөн дэмжигчийн утсыг эвдсэн гэх хэргийг Мерсисайд хотын цагдаагийнхан шалгаж байна гэв.
Английн премьер лигийн тэмцээнд “Манчестер Юнайтед” “Эвертон”-той тоглож 1:0-ээр хожигдсоны дараа Роналду талбайгаас гарч явахдаа ийнхүү сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй байна. Нийгмийн сүлжээгээр цацагдсан бичлэгт Роналду хөгжөөн дэмжигч хүүгийн гар утсыг цохин унагаж байгаа нь харагдах аж.
Цагдаагийнхан “Тамирчид талбайгаас гарч явах үед нэг тоглогч эрэгтэй хүүхдийн биед халдсан гэх мэдээлэл авсан. Мөрдөгчид Эвертон клубтэй хамтран ажиллаж, камерын бичлэг шалган, гэрчүүдээс мэдүүлэг авч байна” гэж мэдээлжээ.
Роналду болсон явдлын дараа уучлалт гуйсан байна. Тэрээр “Одоогийнх шиг хүнд цаг үед сэтгэл хөдлөлөө удирдах үргэлж хэцүү байдаг. Гэхдээ бид үргэлж тэвчээртэй, бусдад хүндэтгэлтэй, бидний тоглолтыг үзэх дуртай залуустаа үлгэр дуурайлал үзүүлж байх ёстой. Би уурлаж бухимдсандаа уучлал гуйж байна. Хэрэв боломжтой бол шударга ёс, спортын зарчмын илэрхийлэл болгон энэ хөгжөөн дэмжигчийг Олд Траффордод болох тоглолтдоо урьж байна.” гэж бичжээ.
Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэгийг үзээд хүмүүс эргэлзсэн байна. Бичлэгт Роналду үнэхээр хүний утсыг эвдсэн үү эсвэл шилбэний хамгаалалтаа хаясан уу гэдэг нь эргэлзээтэй байгаа аж. “Манчестер Юнайтед” болсон явдлыг шалгах болно гэв.
ХОХИРОГЧ ХҮҮ АУТИЗМТАЙ, МАШ ИХ ЦОЧИРДСОН ГЭЖЭЭ
“Эвертон”-ы шүтэн бишрэгчдийн EvertonHub хуудаст газар байсан утасны зургийг нийтэлжээ.
Мөн Liverpool Echo сайтын сэтгүүлч нэгэн эмэгтэйгээс ярилцлага авсан байна. Хохирогч нь тухайн эмэгтэйн хүү байсан бөгөөд ээж хүү хоёр маш их цочирдсон гэж ярьжээ. Эмэгтэй “Манчестер Юнайтед”-ийн тоглогчид талбайгаас гарч байсан. Бид яг хонгилын хажууд сууж байлаа. Хүү маань тэдний бичлэгийг хийж байсан юм. Хүү маань утсаа доошлуулсан. Учир нь Роналдугийн хөлнөөс цус гараад байсан болохоор шилбэнийхээ хамгаалалтыг татаж авсан. Хүү маань ойртуулж харахын тулд утсаа доошлуулсан. Роналду хажуугаар нь аймаар царайсан явж байгаад хүүгийн маань гарыг цохичхоод яваад өгсөн. Хүүгийн маань гар хөхөрсөн байгааг харж байна уу. Энэ тухай ярьж байгаадаа итгэж чадахгүй нь. Би уйлсан. Жэйкоб маш их цочирдсон. Хүү маань аутизмтай. Хүү маань амьдралдаа анх удаа хөл бөмбөг үзэхэд нь ийм зүйл тохиолдлоо” гэжээ.
Эх сурвалж: Sports, BBC