Дэлхий
Оросын төв телевизээр дайныг эсэргүүцэх үзлээ илэрхийлсэн сэтгүүлчийг Германы хэвлэл ажилд авчээ
Украинд явуулж буй эрх баригчдынхаа эзлэн түрэмгийллийг Оросын төв телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр эсэргүүцэж байсан сэтгүүлч эмэгтэйг Германы хэвлэлийн компани ажилд авахаар болжээ.
Өнгөрсөн сарын эхээр тэр дайныг эсэргүүцсэн, худал суртал нэвтрүүлэгт автахгүй байхыг уриалсан агуулгатай хуудас бариад ОРТ сувгийн мэдээний шууд дамжуулалтын хэсэгт нэвтэрч байв.
43 настай Марина Овсянникова уг зоригтой үйлдлийнхээ төлөө мөнгөн торгуулиар шийтгүүлж, үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон юм.
Одоо тэр Die Welt сониныг эзэмшдэг Германы Welt Group хэвлэл мэдээллийн компанийн ОХУ, Украин дахь төлөөлөгчөөр ажиллах юм байна. Түүний бичсэн өгүүллүүд Die Welt сонинд нийтлэгдэж, газар дээрээс хийсэн мэдээ сурвалжилга нь телевизээр цацагдах гэнэ.
Welt Group-ийн ахлах эрхлэгч Улф Поршардт сэтгүүлч эмэгтэйг “төрийн дарамт шахалтыг үл хайхран сэтгүүлзүйн зарчмыг хамгаалсан” хэмээн магтжээ.
Овсянниковаг ажлаасаа гарсны дараа Францын засгийн газар улс төрийн орогнол олгоход бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм. Гэвч тэрбээр эх орноосоо дүрвэх хүсэлгүй гэсэн шалтгаанаар энэ саналаас татгалзаж байжээ.
Марина Овсянникова одоо ч “худал мэдээ” тараасан үндэслэлээр ОХУ-ын хуулийн дагуу шийтгүүлэх магадлалтай байгаа юм.
Эх сурвалж: BBC