Дэлхий
Финланд, Швед улсууд НАТО-д элсвэл ОХУ хил дээр нь цөмийн зэвсэг байрлуулахаар сүрдүүлэв
Сүүлийн үед Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх асуудал нухацтай яригдах болсон билээ.
Хоёр улс энэ оны зун гэхэд Умард Атлантын цэргийн эвслийн шинэ гишүүн болох төлөвтэй байна. Саяхан ОХУ-ын цэрэг Украинд халдан довтолсон нь эвсэлд үл нэгдэх уламжлалт бодлоготой Швед, Финланд улсуудын ард иргэдийн үзэл бодолд эргэлт гаргасан юм.
Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч асан, тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүн Дмитрий Медведев эдгээр орнуудыг цөмийн зэвсгээр сүрдүүлжээ.
Тэрбээр Телеграмм хуудсандаа бичихдээ Швед, Финланд улсууд НАТО-д элсвэл ОХУ-ын НАТО-той залгадаг хилийн урт даруй хоёр дахин уртсах тул аюулгүй байдлаа хангахын тулд хил дээрх хүчээ зузаатгах шаардлагатайг тайлбарласан байна.
“Энэ тохиолдолд бид хил дээрх хүчээ зузаатгахаас өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл Балтийн тэнгисийн бүс нутаг цөмийн зэвсэггүй бүсийн статусаа алдана. Хүчний тэнцвэрийг хадгалах шаардлага бий болох юм” гэж Медведев бичжээ.
Түүний бичсэнээс харвал ОХУ дээрх бүс нутагт цөмийн зэвсэг байрлуулж магадгүй болоод байна.
Медведевийн мэдэгдлийн талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Энэ бол олон удаа яригдсан асуудал. Цөмийн зэвсэг байрлуулах эсэхийг би хэлж чадахгүй. Авах шаардлагатай олон арга хэмжээ бий. Эдгээрийг ерөнхийлөгчтэй уулзаж байж шийднэ” гэжээ.
Эх сурвалж: AFP