Дэлхий
Умард Солонгосын тагнуулд цэргийн нууц мэдээлэл дамжуулсан хоёр хүнийг Өмнөд Солонгост баривчилжээ
Умард Солонгосын тагнуулын ажилтанд цэргийн нууц мэдээлэл дамжуулж байсан хоёр сэжигтнийг баривчилснаа Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.
Хоёр сэжигтний нэг нь криптовалютын арилжааны төвийн гүйцэтгэх захирал, нөгөөх нь армийн офицер юм байна.
Тэднийг Өмнөд Солонгосын армийн төв командлалын системд нэвтрэх эрхийг Умард Солонгосын тагнуулын ажилтанд дамжуулсан гэж буруутгажээ.
Үүнийхээ хариуд тэд их хэмжээний мөнгөн шагнал авсан гэнэ.
Умард ба Өмнөд Солонгос нь 1950-1953 оны Солонгосын дайны дараа энхийн гэрээ байгуулж чадаагүй тул зэвсэгт хүчин нь одоо ч байлдааны бэлэн байдалд байдаг.
“Энэ бол Умард Солонгосын тагнуулын ажилтны захиалгын дагуу идэвхтэй үүрэг гүйцэтгэж буй армийн офицер, энгийн иргэн хоёр хоорондоо үгсэн тохиролцож, цэргийн нууцыг задруулсан анхны тохиолдол боллоо” гэж тус улсын цагдаагийн байгууллага мэдэгджээ.
Сэжигтнүүд нууц мэдээлэл дамжуулахдаа USB төхөөрөмж, камертай бугуйн цаг зэргийг ашигласан гэнэ.
Тэднийг энэ сарын эхээр баривчилсан юм байна. 2021 оны долдугаар сард крипто арилжааны төвийн захирал анх армийн офицерт хамтарч ажиллах санал тавьж байжээ. Саналыг зөвшөөрсөн офицер камертай цаг болон зайнаас халдах USB төхөөрөмжүүдийг ажлын байрандаа нэвтрүүлснээр нууц мэдээлэлд хандах боломжийг нээсэн байна.
Офицер үүнийхээ хариуд 48 сая воны ($37,938) шагнал биткоин хэлбэрээр авсан бол крипто арилжааны төвийн захирал 700 сая воны шагналыг мөн биткоин хэлбэрээр Умард Солонгосын талаас авчээ.
Тагнуулын ажиллагааны талаар мэдээллийг цагдаа нар энэ оны хоёрдугаар сард анх авч байжээ.
Захиалга өгсөн Умард Солонгосын тагнуулын ажилтны талаар цагдаа нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: BBC