Нийгэм
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-ны өдөр болно
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-нд 09:00 цагт товлогджээ.
Өмнө нь тавдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан болсон ч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн байна. Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.
Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдэхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, улмаар шүүх хуралдааныг жич товлохоор тогтоод байв.
Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулсан үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан байдаг. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр амь насаа алдсан.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдээд буй.