Дэлхий
Их Британид ажлын дөрөв хоногт шилжих өргөн хүрээний туршилт эхлүүлжээ
Их Британид даваа гарагаас эхлэн ажлын дөрөв хоногт шилжих туршилтад мянга мянган хүн хамрагдаж эхлээд байна.
Энэ нь тус улсын түүхэд хэрэгжүүлж буй хамгийн өргөн хүрээний буюу 70 орчим компани оролцох туршилт бөгөөд хагас жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.
Туршилтыг явуулах хугацаанд ажиллагсдын цалинг бүтэн олгох боловч өндөр бүтээмж хүлээж байгаа аж. Тус үйл явцыг Оксфорд болон Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд Америкийн Бостоны их сургуулийн хамт олон, Autonomy судалгааны компанитай хамтран зохион байгуулж байгаа юм.
Туршилтад програм хангамжийн компаниас эхлээд сайн дурын байгууллага хүртэл төрөл бүрийн байгууллагууд оролцох аж.
“Цар тахал бидэнд ажлынхаа талаар дахин бодож үзээд, хувийн амьдралаа хэрхэн зохицуулах тухай бодож үзэхэд нөлөөлсөн. Бид ажилчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлж, хүмүүсийн бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах тухай дэлхий нийтийн санаачилгад гар бие оролцохоор шийдлээ” хэмээн Pressure Drop Brewery шар айрагны үйлдвэрийн үүсгэн байгуулагч Сэм Смит хэлжээ.
Эх сурвалж: ВВС