CRI Монгол радио
Путин: Орос улс сарыг тандах хөтөлбөрөө сэргээнэ
Синьхуа агентлагийн мэдээ: 12-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сансрын өдрийг тохиолдуулан Алс Дорнод дахь Восток сансрын хөөргөлтийн төвт айлчлах үеэр, Орос улс сарыг тандах хөтөлбөрөө сэргээнэ гэжээ.
Кремлийн сайтад мэдээлснээр, Орос улс шинэ үеийн тээврийн сансрын хөлөг бүтээх, сансрын цөмийн эрчим хүчний технологийг хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана гэж Путин мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, Орос улс сарыг тандах хөтөлбөрөө сэргээж, “Луна-25” аппаратыг хөөргөнө.
Гадаадын дарамт шахалттай тулгарсан ч Орос сансарын салбарт тогтоосон бүх төлөвлөгөөгөө цуцалтгүй хэрэгжүүлэх болно гэж Путин хэлэв. Орос улс сансрын хайгуулын сорилтуудыг амжилттай даван туулан байж, үндэсний хөгжлийн асуудлыг илүү үр дүнтэй шийдвэрлэн, үндэсний аюулгүй байдал, технологийн бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх бөгөөд робот техник, микроэлектроник, экологи, анагаах ухаан, шинэ эрчим хүч, навигаци, харилцаа холбооны салбарт инновацийг хөгжүүлнэ.
Энэ сарын 8-нд, Оросын мэдээллийн агентлаг зэрэг хэвлэлүүд Оросын Лавочкины шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтарсан компанийн эрчим хүчний системийн дэд ерөнхий дизайнер Александр Митикиний хэлсэн үгнээс иш татан, Оросын “Луна-25” аппаратыг энэ оны 8-р сард Восток сансрын хөөргөлтийн төвөөс хөөргөх төлөвлөгөөтэй байна гэжээ.