Дэлхий
Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин цар тахлын дараах гадаад айлчлалаа Казахстанаас эхэлнэ
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин ирэх долоо хоногт Казахстанд айлчлахаар болжээ. Энэ нь коронавирусийн цар тахал эхэлснээс хойших түүний анхны гадаад айлчлал юм.
Хятадын ерөнхийлөгч есдүгээр сарын 14-ний өдөр Нур-Султан хотод айлчлан ирэх тухай Казахстаны гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.
Дараа нь Ши Жиньпин есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалтад оролцохоор Узбекистаны Самарканд хотыг зорих юм байна.
Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан улсууд ШХАБ-ын гишүүн орнууд юм.
Энэ арга хэмжээний үеэр Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах төлөвтэй байна. Тэд Украины дайн эхлэхээс өмнө Бээжингийн Өвлийн Олимпын нээлтийн үеэр хамгийн сүүлд уулзсан юм.
Өчигдөр буюу Даваа гарагт Казахстаны хамгийн том хот Алматыд хэсэг иргэд цуглаан зохион байгуулж, Шинжаанд хууль бусаар хоригдож байгаа төрөл төрөгсдийнхөө асуудлыг Ши Жиньпинтэй уулзахдаа хөндөхийг ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт уриалжээ.
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-аас гаргасан хүний эрхийн тайланд Хятадын эрх баригчид Шинжааны муслим хүн амын эсрэг гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй тухай дурдсан юм.
Бээжингийн эрх баригчид үүнийгээ терроризм, салан тусгаарлах үзэл, шашны хэт үзэлтэй тэмцэх арга хэмжээ гэж тайлбарладаг.
Казахууд нь тоогоороо Уйгаруудын дараа хоёрт орох Шинжааны уугуул үндэстэн юм. Энэ бүс нутагт бас Киргиз, Тажик, Дунган зэрэг муслим үндэсний цөөнх оршин суудаг байна.
Эх сурвалж: Radio Free Europe