Эдийн засаг
Xanadu Mines: IV улиралд БНХАУ-ын зохицуулах байгууллагаас зөвшөөрөл авна
“Хармагтай” ордод үйл ажиллагаа явуулж буй Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани III улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
“Xanadu Mines” компани “Хармагтай” төсөлд БНХАУ-ын “Zijin Mining Group”-тэй стратегийн түншлэл байгуулан ажиллаж байгаа юм. III улиралд талууд хэлэлцээгээ дараагийн шатанд ахиулж, хамтарсан компани байгуулах, үүний үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэсэн байна. Мөн төслийн урьдчилсан байдлаар ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ.
Үүнээс гадна өөрийн 100 хувь эзэмшдэг “Улаан уул” талбайд түр зогсоогоод байсан хайгуулын хөтөлбөрөө дахин эхлүүлсэн байна.
IV улиралд хэлцэлтэй холбоотойгоор БНХАУ-ын зохицуулах байгууллага болон “Xanadu Mines”-ийн хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах ажил хүлээгдэж байна.
Түүнчлэн Монголд метан хийн хайгуул хийж буй “ТМК Energy” компани тайлангаа танилцууллаа. Тус компани “Гурвантэс XXXV” төслийн хүрээнд Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордод хайгуул хийж байгаа юм. Энэ он гарсаар таван цооног өрөмдөж, сайн үр дүнгүүд гарсныг “ТМК Energy” мэдээлсэн юм.
Хайгуулын хөтөлбөрийн санхүүжилтийг “Talon Energy” компани хариуцаж байгаа аж. Харин хоёрдугаар шат буюу хөндлөн чиглэлийн цооног өрөмдөх ажилд 3.15 сая ам.доллар зарцуулна. Үүнийг мөн “Talon Energy” компани хариуцах эсэхэд санал хураах юм байна. Тус компани 11 дүгээр сарын 25-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхээр зарлаад байгаа юм.