Дэлхий
Австралид бөмбөгдөгч онгоц байршуулахаар төлөвлөжээ
АНУ цөмийн хүчин чадалтай В-52 бөмбөгдөгч онгоцуудаа Австралийн хойд хэсэгт байршуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Дарвин хотоос өмнө зүгт 300 км зайд орших Тиндал агаарын баазад зургаан бөмбөгдөгч онгоц байршуулахаар төлөвлөснийг “ABC” агентлаг мэдээллээ. Тус баазад бөмбөгдөгч онгоцонд зориулсан тусгай байгууламж барихаар нарийвчилсан төлөвлөгөө гаргасан байна.
Австралийн Батлан хамгаалах яам энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй. Харин АНУ-ын Агаарын цэргийн хүчин “Тус улсад бөмбөгдөгч онгоцуудаа байршуулах нь бидний дайснууд руу хүчтэй мессэж илгээж буй явдал юм” гэж мэдэгджээ. Мөн Австрали улс бөмбөгдөгч онгоцуудыг байршуулж, хамтарсан сургуулилалт хийснээрээ хоёр улсын агаарын хүчин хэр зэрэг нэгдмэл болохыг харуулсан гэж үзэж байна.
Шинжээчдийн дүгнэснээр энэ алхам нь Хятадад илгээж буй анхааруулга аж. Хятад хүртэлх хол зайд довтлох боломжтой бөмбөгдөгч онгоцтой байх нь тэдний Тайваньд чиглэсэн аливаа үйл ажиллагаа өргөжин тэлэхийн эсрэг анхааруулга гэж үзэж байна. Хятадтай үүссэн хурцадмал байдал нь Австралийн хойд хэсгийг АНУ-ын батлан хамгаалахын чухал төв болгосон юм. Тус бүс нутаг дахь батлан хамгаалахын чадавхиа сайжруулахад АНУ нэг тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Энэ хүрээнд зургаан В-52 онгоцны зогсоолоос гадна эскадрилийн ажиллагааны байгууламж, засвар үйлчилгээний төв барина.
Боинг компанийн зохион бүтээсэн В-52 нь АНУ дахь хамгийн байлдааны чадвартай бөмбөгдөгч онгоц юм. Энэ нь цөмийн болон ердийн зэвсгийг аль алиныг нь байрлуулах чадвартай.
Эх сурвалж: AL JAZEERA