Улс төр
Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байна.
Мөнгөний бодлогын төслийг чуулганаар хэлэлцэх үеэр Төв банкны зүгээс валютын интервенцийг оновчгүй хийсэн гэсэн шүүмжийг нэр бүхий гишүүн хэлж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ туссан талаар асуулт асуусан юм.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төв банкны зүгээс ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй гэдэг хариултыг өглөө. Арилжааны банкууд харилцагчдынхаа төлбөр тооцоог гүйцэтгэх үүднээс хэрэгцээтэй хэмжээний валютын хүсэлтээ Монголбанканд хүргүүлээд, долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулдаг. Төв банкнаас нийлүүлсэн ам.долларын хэмжээгээр түлш тэргүүтэй импортын бараа, бүтээгдэхүүний гадаад төлбөр тооцоо гүйцэтгэгддэг гэдгийг тайлбарласан.
Өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 5 тэрбум ам.доллар орчимд хүрсэн ч үүнээс хойш тогтмол буурч байгаа. Цаашид экспортын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм бол гадаад валютын албан нөөц нэмэгдэнэ гэлээ.