Эдийн засаг
Узбекистан улс Монголоос импортлох махны хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлт гаргажээ
Узбекистан улс Монгол Улсаас 2022 оны эхний аравдугаар сарын байдлаар 500 тонн мах, дайвар бүтээгдэхүүн импортолжээ. Цаашид энэхүү тоо хэмжээг эрс нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хоёр улсын ХХААХҮЯ болон мал эмнэлгийн байгууллагын удирдлагууд цахим уулзалт хийх үеэрээ илэрхийлжээ.
Энэ сард Узбекистаны талаас мах, махан бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг Монголын 9 аж ахуйн нэгжид олгосноор тус улсад экспорт хийх боломжтой аж ахуйн нэгжийн тоо 26 болсон байна.
Тус улс хамтарсан аж ахуй байгуулах замаар махны импортыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд баруун гурван аймгийн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс”-д хамтран ажиллах нь үр дүнтэй гэж талууд үзэв.
Сайн чанарын жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх боломжтой. Урьдчилсан байдлаар зах зээлийн судалгаа хийсний үр дүнд үнийн хувьд өрсөлдөхүйц байж чадах дүгнэлт гарсан тухай айлын тал мэдээлжээ.
Манай улсын аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд нядалгааны “Халал” стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байгаа нь Узбекистан, Казахстан Иран, Азербайжан зэрэг улсад мах нийлүүлэх боломжийг бий болгож байгаа аж.