Дэлхий
Умард Солонгосын гадаад хэргийн сайд асан өнгөрсөн онд цаазлуулсан байж болзошгүйг Японы хэвлэл мэдээлэв
Дэлхий дахинд улс орноо төлөөлж танигдсан Умард Солонгосын гадаад хэргийн сайд асан Ри Ён Хо өнгөрсөн онд цаазлуулсан байж болзошгүйг Японы хэвлэл өчигдөр мэдээлжээ.
Өнгөрсөн оны зун, намрын завсар орчимд түүнийг цаазалсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалжаас олж авснаа Ёмиури Шимбун сонин уламжилсан байна.
Ригийн дараа Умард Солонгосын гадаад хэргийн яамны дөрвөөс таван ажилтан дараалан цаазлуулсан гэнэ.
Тус улсын Их Британи дахь элчин сайдын яамтай холбоотой ямар нэг хэргээр тэднийг шийтгэсэн гэсэн таамаг яригдаж байгаа ажээ. Ри Ён Хо өмнө нь Лондонд элчин сайдаар сууж байсан юм. Цаазлуулсан бусад хүмүүс ч Их Британи дахь Умард Солонгосын дипломат төлөөлөгчийн газартай холбоотой байжээ.
Японы хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийн мөрөөр өөрийн эх сурвалжаас нягтлан шалгаж байгаагаа Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамнаас өчигдөр мэдэгджээ.
Ри Ён Хо нь 2016 онд Умард Солонгосын гадаад хэргийн сайдаар томилогдож, 2018, 2019 онуудад Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалтыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж байв.
Хамгийн сүүлд 2019 оны эхээр Вьетнамын нийслэл Ханойд болсон АНУ-БНАСАУ-ын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт ямар нэг үр дүнд хүрээгүй юм.
Ри Ён Хо 2020 онд албан тушаалаасаа чөлөөлөгдөж байжээ.
Эх сурвалж: Yonhap News