Энтертайнмент
Францын нэг хот дайны үеэр алдагдсан уран зургийг Мадоннагаас зээлэх хүсэлтэй байна
Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Францын нийслэл Парис хотын Луврын музейгээс алдагдсан уран зураг Америкийн поп од Мадоннагийн хувийн цуглуулгад байгаа нь саяхан тодорхой болж байжээ.
“Диана, Эндимион хоёр” хэмээх нэртэй энэ бүтээлийг 19 дүгээр зуунд Жером-Мартин Ланглуа зурж байсан юм.
Дайны өмнө уг зургийг Францын хойд бүсийн Амиен хотын дүрслэх урлагийн музейгээс Парисын Луврын музей зээлээр авч байсан ба харин дайн эхэлснээр сураггүй алга болж байжээ.
Саяхан Францын “Le Figaro” сонины сэтгүүлчид алдагдсан уран зураг поп од Мадоннагийн хувийн цуглуулгад байгааг сурвалжилж тогтоосноо мэдээлсэн юм.
Мадонна уг бүтээлийг 1989 онд дуудлага худалдаанаас $1.3 саяар авч байжээ.
Ланглуа 1817 онд Версалийн ордныг чимэглэх зорилготой энэхүү бүтээлийг туурвиж байсан гэдэг. Гэхдээ Мадоннад байгаа хувилбарыг судлаачид зураачийн өөрийн гараар хийсэн хуулбар гэж дүгнэсэн байна.
Амиен хотын захирагч Брижит Фуре өчигдөр сошиал хуудсаараа дамжуулан попын хатан хаанд хүсэлтээ гаргажээ.
“Энэхүү бүтээлийн эзэмшлийн талаар бид хуулийн ямар нэг маргаан гаргахгүй нь мэдээжийн хэрэг. Харин 2028 онд Европын Соёлын Нийслэл өргөмжлөл хүртэх зорилготой байгаа манай хотын музейд зээлээр авч тавих хүсэлтэй байна. Үүнийг зургийн эх хувилбар гэдэгт би итгэлтэй биш байгаа. Гэхдээ л эх хувилбартай маш адилхан байгаа тул би Амиен хотын ард иргэдэд бүтээлийг дахин үзүүлэх хүсэлтэй байгаа юм” гэж тэр бичжээ.
Цээж нүцгэн Диана дагина хоньчин залуу Эндимион руу ойртож буйг харуулсан домгийн дүрслэлтэй энэ зургийг Луврын музей 1872 онд анх Амиен хотоос зээлээр авч байсан гэнэ.
Эх сурвалж: AFP