Улс төр
Ц.Хуланг цагдан хорих тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулжээ
Тагнуулын ерөнхий газраас өчигдөр яруу найрагч Ц.Хуланг саатуулжээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан бөгөөд гадаадын тагнуулын байгууллагатай холбогдсон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Түүний 48 цагийн хугацаагаар саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн юм.
Шүүхийн шийдвэр:
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хуланд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний 15 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Тус шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг мөн өдөр товлон зарласан боловч яллагдагчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан буюу “…Прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдаан даргалагч шүүгчийг өөрөө шууд эсхүл шууд бусаар тухайн хэрэгт хувийн сонирхолтой…” гэх үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргасан.
Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан татгалзлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар яллагдагч Ц.Хуланд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.