Дэлхий
АНУ өмнөх байр сууриасаа ухарч, хамгийн орчин үеийн танкаа Украинд илгээх болсныг зарлав
АНУ-ын засаг захиргаа өмнөх байр сууриа өөрчилж, хамгийн орчин үеийн гэгддэг Abrams M1 танк 31 ширхгийг Украинд илгээх болсноо өчигдөр зарлажээ.
Үүнээс өмнөхөн Германы засгийн газар Leopard 2 танкаа Украинд илгээх шийдвэрийг зарласан юм. Бас бусад улсуудад уг танкийг Украин руу реэкспорт хийхийг зөвшөөрсөн байна.
Шийдвэрээ зарлахдаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден холбоотон Герман улсын эрх баригчдад талархал илэрхийлжээ.
“Оросын тал биднийг энэ асуудал дээр хагаралдана гэж хүлээж байлаа. Гэвч бид бүрэн нэгдмэл байгаагаа харуулж чадлаа” гэж Байден хэлсэн юм.
АНУ өмнө нь Abrams танкийг зардал өндөртэй, засвар үйлчилгээг нь хангахад хэцүү гэсэн шалтгаанаар Украинд илгээхээс татгалзаж байв.
Харин оронд нь Германы Leopard 2 танкийг Украины нөхцөл байдалд хамгийн тохиромжтой гэж үзэж байлаа.
Гэвч Берлиний эрх баригчид АНУ-ыг танкаа илгээсэн тохиолдолд мөн танкаа илгээх нөхцөл тавьсан бололтой.
Тэд Украины дайныг хурцатгах хүнд зэвсгийг ганцаар илгээх хүсэлгүй байгаа нь тодорхой байв.
АНУ, Германы танкууд Украины фронтод хүрэхэд цөөн хэдэн сарын хугацаа шаардагдах гэнэ. Abrams танкийг Украины зэвсэгт хүчинд эзэмшүүлэх сургалтыг хаана зохион байгуулах нь тодорхойгүй байна.
АНУ танкаа илгээхээс татгалзаж байсан гол шалтгаан нь өндөр өртөг зардалтай холбоотой байв. Abrams танк нь нисэх онгоцны түлшээр ажилладаг. Нэгж танкийн үнийн талаар янз бүрийн мэдээлэл байдаг ч сургалт, засвар үйлчилгээ нийлээд $10 сая илүү гарах магадлалтай гэгддэг.
Өрнөдийн танкуудыг Украины тал Оросын газар нутагт халдахад ашиглахгүйг Байден өчигдөр амлажээ.
“Оросын газар нутагт халдан довтлох аюул байхгүй” гэж тэр мэдэгдлийнхээ үеэр хэлсэн юм.
Жо Байден танк илгээх шийдвэр гаргахаасаа өмнө Германы канцлер Олаф Шольцтой олон удаа ярилцсан тухай Цагаан ордны эх сурвалж мэдээлжээ. Лхагва гарагт тэр бас Их Британийн ерөнхий сайд Риши Сунак, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нартай ярилцсан гэнэ.
“Өнөөдрийн мэдэгдэл нь Украинд үзүүлэх тусламжийн асуудлаар холбоотнуудтай дипломат шугамаар нягт зөвлөлдөж, ярилцсаны үр дүн юм” гэж эх сурвалж хэлжээ.
АНУ болон түүний холбоотнуудаас хуягт зэвсэг техниктэй холбоотой бусад мэдэгдлүүд ойрын өдрүүдэд гарахыг бас мэдээлсэн байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков танкууд нь “нэгэнт шатахаас хойш дэмий мөнгө үрж байна” гэж АНУ-ын эрх баригчдын шийдвэрийг шүүмжилжээ.
“Олон мэргэжилтнүүд энэ шийдвэр утга учиргүй гэдгийг ойлгож байгаа гэдэгт би итгэлтэй байна. Энэ төлөвлөгөө нь технологийн хувьд сүйрэл юм. Гэхдээ хамгийн гол нь Украины армийн хүчин чадалд үзүүлэх нөлөөг нь тэд хэтрүүлэн үнэлж байна. Шинэ танкууд нь бусад танкуудын нэгэн адил шатах болно” гэх тэр хэлсэн байна.
АНУ-ын засаг захиргаа Украинд илгээх танкуудыг өөрийн зэвсэгт хүчний нөөцөөс биш, үйлдвэрлэгчээс нь шууд худалдаж авах гэнэ. Ингэхдээ өөрийн байгуулсан “Ukraine Secutiry Assistance Initiative” сангийн хөрөнгөөс гаргах юм байна.
Эх сурвалж: Reuters