Дэлхий
Оросын нэг компани Өрнөдийн танкийг хамгийн түрүүнд устгасан буюу олзолсон цэрэгт $72,000-ын шагнал амлажээ
Украины фронтод илгээсэн Өрнөдийн танкийг хамгийн түрүүнд устгасан буюу олзолсон цэрэгт таван сая рублийн ($72,000) мөнгөн шагнал олгох болсноо Оросын нэг компани зарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ, Герман тэргүүтэй холбоотнууд Украинд орчин үеийн байлдааны танкуудаа илгээх шийдвэрийг зарласан билээ.
Тэгвэл Уралын эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ФОРЭС компани Германы Leopard 2, АНУ-ын Abrams танкуудын аль нэгийг хамгийн түрүүнд устгасан буюу олзолсон цэрэгт ийм өндөр шагнал олгох болзол зарлажээ.
Анхны тохиолдлоос хойш ч бас ийм гавьяа байгуулсан цэрэг бүрийг 500,000 рублиэр ($7,200) шагнахаа амласан байна.
Үүнээс гадна хэрвээ Өрнөдийнхөн Украинд сөнөөгч онгоцнуудаа илгээвэл эхний онгоцыг устгасан цэрэгт 15 сая рублийн ($215,000) шагнал өгөхөө дээрх компани амлажээ.
Киевийн эрх баригчид танкууд илгээх амлалтын дараа сөнөөгч онгоцнууд, алсын тусгалын пуужингууд авах хүсэлтээ холбоотнуудад илэрхийлээд байгаа.
Гэхдээ АНУ, Германы засгийн газрууд одоогоор онгоц илгээх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн юм.
Өрнөдийн танкууд одоогоор Украины фронтод ирээгүй байна. Тэдгээрийг фронтод тээвэрлэн хүргэх, ажиллуулах мэргэжилтнүүдийг сургахад цөөн хэдэн сарын хугацаа шаардагдах төлөвтэй байгаа юм.
Танк илгээх шийдвэрийг Оросын эрх баригчид дайныг улам өргөжүүлэх хор уршигтай гэж шүүмжилж байгаа.
Эх сурвалж: Reuters