Дэлхий
Хятадын тагнуулын хэрэгсэл байж болзошгүй агаарын бөмбөлгийн хөдөлгөөнийг хянаж байгаагаа Пентагон мэдээлэв
Энэ долоо хоногт АНУ-ын умард хязгаарын тэнгэрт илэрсэн агаарын бөмбөлгийн шилжилт хөдөлгөөнийг хянаж байгаагаа Пентагон өчигдөр мэдээлжээ.
Үүнийг Хятадын тагнуулын зориулалттай техник байж болзошгүй гэж сэжиглэж байгаа гэнэ.
Гэхдээ одоогоор бөмбөлгийг устгах төлөвлөгөөгүй байгаагаа бас мэдээлжээ.
Агаарын бөмбөлгийг Лхагва гарагт Монтана мужийн агаарын орон зайд нэвтрэхэд нь анх илрүүлсэн гэнэ. Үүссэн нөхцөл байдлын талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд танилцуулсан тухай Пентагоны төлөөлөгч мэдээлжээ.
Лхагва гарагт АНУ-ын зэвсэгт хүчний дээд удирдлагууд болзошгүй эрсдэлийн талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр бөмбөлөгт ямар нэг “кинетик нөлөө” үзүүлэхээс зайлсхийх хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрчээ.
Бөмбөлөг иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудын нисэх өндрөөс нэлээд дээр байрлаж байгаа тул аюулгүй гэж дүгнэсэн байна.
Энэ асуудлаар АНУ-ын засаг захиргаа Вашингтон дахь БНХАУ-ын элчин сайдын яам болон Бээжин дэх холбогдох албаныханд ханджээ.
Нисдэг биетийг Аляскын Алеутын арлууд, Канадын нутаг дэвсгэрээр дамжин Монтанад ирсэн гэж үзэж байгаа юм байна. Агаарын бөмбөлөг яг одоо хаана байгааг Пентагоны төлөөлөгч хэлэхээс татгалзжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ирэх долоо хоногт Хятад улсад айлчлах гэж байгаа цаг үед ийм үйл явдал тохиосон нь анхаарал татаж байгаа юм.
Тэрбээр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинд бараалхах төлөвлөгөөтэй байгааг “Financial Times” өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалж: BBC