Дэлхий
Найз бүсгүй нь болоогүй гэж 2.3 сая доллар нэхэмжилж шүүхэд өгчээ
Дөрвөн жил найзласан бүсгүйгээ өөртэй нь үерхэхээс татгалзсанаас болж 2.3 сая ам.долларыг нэхэмжлэн шүүхэд өгчээ. Тодруулбал, Сингапурын “D1 Racing” гэх дронын компанийн найруулагч Кавшиган гэгч нь найз эмэгтэйгээ нэр хүндийг нь гутааж, дор хаяж таван бизнесийн түншлэлээ алдахад хүргэсэн гэж үзэн түүний эсрэг хоёр нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн мэдэгдэлд дурдсанаар бүсгүй Кавшиганы гуйлтад татгалзсан хариу өгч, зөвхөн найзын хувиар хардаг гэж хэлснээрээ зүрхийг нь шархлуулж, сэтгэлзүйн гэмтэл учруулсан гэжээ.
Тэрбээр эхлээд Нора Тан Шу Мэйгээс харилцаандаа дэвшил гаргах “амлалтаа зөрчсөн” хэмээн 2019 оны зургадугаар сард 22,000 Сингапур доллар нэхэмжилсэн боловч Магистратын шүүх үүнийг хэрэгсэхгүй болгожээ. Гэвч Кавшиган Сингапурын Дээд шүүхэд давж заалдаж, 3 сая Сингапур доллар нэхэмжилж байна. Түүний шүүх хурал хоёрдугаар сарын 9-нд болно.
Үүний хариуд Нора Тан хариу гомдол гаргаж, гэрээ хамгаалах, сэтгэлзүйн зөвөлгөө авахад зарцуулсан гэх үндэслэлээр мөнгө нэхэмжилжээ. Бүсгүй Кавшиганаас өөрийгөө хамгаалахын тулд дижитал камер, дохиоллын мэдрэгч, ухаалаг видео хаалганы хонх суурилуулах шаардлагатай болсон бөгөөд тоног төхөөрөмжийн зардал болон сэтгэлзүйн зөвлөгөө авахад нийтдээ 900 фунт стерлингийг нэхэмжилжээ.
Тэд 2016 онд танилцаж, найзууд болсон. Хоёулаа бизнесийн удирдагчдын “Ротари” клубын гишүүд байсан аж. Ийнхүү тэдний нөхөрлөл тасарч байгаа нь харилцаагаа өөр өөрөөр хардаг байсантай холбоотой гэж Нора Тан мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK