Улс төр
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ эхэллээ
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ.
Түүнийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таван толгой” ХК-ийн дотоод хэрэгцээнд гаргах нүүрсийг БНХАУ руу гаргахдаа тонн тутмаас 60 орчим ам.доллар завшиж, улсын өмчийг үнэгүйдүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр Улсын мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа юм.
Д.Бат-Эрдэнэ эрх мэдлийнхээ хүрээнд нүүрсэн мөргөцгийг хулгайгаар олборлож, 268 мянган тонн нүүрсийг хил давуулсан болохыг УИХ-ын гишүүн асан Л.Энхболд ярьсан байдаг.
Тэрбээр “Д.Бат-Эрдэнэ 2017 оны тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 22-ны хооронд Орон нутгийн таван толгойн үйл ажиллагааг бүрэн зогсоож ямар ч хамгаалалтгүй болгоод 220 мянган тонн нүүрсийг сарын дотор Хятад руу зөөсөн. Тэр 220 мянган тонн нүүрсийг хэрхэн зөөсөн бэ гэвэл, Гашуунсухайт авто замын шалган нэвтрүүлэх товчоогоор түүний мөргөцгөөс нүүрс ачиж гарсан машинуудын тоо тодорхой болсон. Түүний хамаарал бүхий компаниуд оройны 18:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хулгайн нүүрс ачсан байдаг. Энэ бол тухайн үеийнхээр 20 гаруй сая ам.доллартай тэнцэх нүүрс байсан” гэсэн юм.