Дэлхий
Хятадын төрийн тэргүүн Украины ерөнхийлөгчтэй утсаар ярьж магадгүй тухай мэдээг Цагаан ордон сайшаан хүлээж авав
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин удахгүй Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярьж магадгүй тухай мэдээ өчигдөр “The Wall Street Journal” сонинд нийтлэгджээ.
Ши Жиньпин ирэх долоо хоногт ОХУ-ын нийслэл Москва хотод айлчилсныхаа дараа Зеленскийтэй утсаар ярих гэж байгааг уг асуудалд ойр албаны эх сурвалжууд тус сонинд мэдээлсэн юм байна.
Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан ордон дээрх мэдээг сайшаан хүлээж авч байгаагаа илэрхийлжээ.
“БНХАУ болон ерөнхийлөгч Ши Жиньпин дан ганц Оросын байр суурийг бус, бас Украины байр суурийг шууд сонсох ёстой гэж бид үздэг. Тиймээс бид Хятадын талд Зеленскийтэй ярилцахыг янз бүрийн хэлбэрээр уриалсаар ирсэн билээ” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Жэйк Салливан сэтгүүлчдэд ярьсан байна.
Нэг жил гаруй хугацаанд үргэлжилж буй Украины дайныг өдөөсөн ОХУ-ыг дэмждэгт нь Бээжингийн эрх баригчдыг Өрнөдийн орнууд шүүмжилсээр байгаа. Мөн Украины дайнд ашиглах зэр зэвсгийг ОХУ-д нийлүүлбэл хатуу хариу арга хэмжээ авахаа Хятадын талд анхааруулж байв.
Дайны нэг жилийн ойг тохиолдуулан Хятадын эрх баригчид Украинд энх тайван тогтоох 12 зүйлтэй санал гаргасан. Гэхдээ уг саналд Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс гаргах тухай огт дурдаагүй юм.
“Бид өнөөдөр Украины түншүүдтэйгээ холбогдлоо. Утсаар болон видео дуудлагаар холбогдох ямар нэг мэдэгдэл хүлээж аваагүй байгаагаа тэд хэлсэн. БНХАУ-ын байр суурийг илүү тэнцвэртэй болгох ач холбогдолтой тул бид үүнийг хүсэн хүлээж байна” гэж Салливан хэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ойрын үед БНХАУ-ын даргатай утсаар ярихаар төлөвлөж буйг тэрбээр энэ үеэр сэтгүүлчдэд бас дуулгажээ.
Эх сурвалж: Reuters