Энтертайнмент
Ханхүү Харри аавынхаа титэм зүүх ёслолд оролцох бол Меган АНУ-д үлдэнэ
Ханхүү Харри аавынхаа титэм зүүх ёслолд оролцох ч түүний гэргий Сассексийн гүнгийн авхай Меган тус ёслолд очихгүй гэж Букинхэмийн ордноос мэдэгджээ.
III Чарльз хаанд титэмд зүүлгэх ёслолыг тавдугаар сарын 6-ны өдөр Вестминстерийн сүмд зохион байгуулах бөгөөд 2 мянга гаруй зочин уригдсан байна.
Ханхүү Харригийн хувьд ёслолын үйл ажиллагаанд оролцох нь түүний “Spare” намтар ном гарснаас хойших хааны гэр бүлийн гишүүний хувиар оролцож буй анхны үйл ажиллагаа болж байгаа юм. Энэ номд тэрээр өөрийн амьдрал болон төрөл төрөгсөдтэйгөө зөрчилтэй байсан тухайгаа өгүүлжээ. Тухайлбал, ах, ханхүү Уиллиамтай хэрхэн ам зөрж байсан тухай бичсэн бөгөөд эхнэртэйгээ хамт ярилцлага өгсөн нь ах дүүсийн харилцааг бүрмөсөн муутгасан юм.
Хааны титэм зүүх ёслолын өдөр Харри, Меган нарын хүү Арчигийн дөрвөн насны төрсөн өдөр тохиож буй.
Ханхүү Харри, Меган нар дээрх мэдээллийг мөн баталгаажуулсан мэдэгдэл хийжээ. Тэд “Сассексийн гүн тавдугаар сарын 6-ны өдөр Вестминстерийн ордонд болох титэм зүүх ёслолд оролцоно. Сассексийн гүнгийн авхай Калифорнид ханхүү Арчи, гүнж Лилибет нартай хамт үлдэнэ” хэмээн бичжээ.
Ийм шийдвэр гаргасан талаараа ханы гэр бүлийн төлөөлөгч нар болон ханхүү Харри нар ямар нэг тайлбар хийгээгүй аж.
Хэдийгээр Харри Их Британийн хааны гэр бүлийн гишүүний үүрэг хариуцлагыг биелүүлэхгүй байгаа ч титэм зүүх ёслолд тэрээр ямар үүрэгтэй оролцох нь тодорхойгүй байна. 2022 онд хатан хаан II Элизабетийн хаан ширээнд заларсны цагаан алтан ойн баярын үеэр Харри, Меган нар Букинхэмийн ордны тагтан дээр хатан хааны бусад үр хүүхдүүдийн хамт гарч ирээгүй юм.
Эх сурвалж: ВВС