Дэлхий
Украины ерөнхийлөгчийг “сайхан залуу” гэж магтсан ОХУ-ын иргэн 70 настай эмэгтэй шийтгүүлжээ
Украины ерөнхийлөгчийг магтаж ярьсан 70 настай эмэгтэй өнгөрсөн долоо хоногт Оросын шүүхээр шийтгүүлсэн тухай Мемориал хүний эрхийн байгууллага мэдээлжээ.
Түүнийг Оросын зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан хэрэгт буруутгаж, 40,000 рублиэр ($500 орчим) торгосон байна.
ОХУ-ын Нальчик хотын оршин суугч Ольга Слегина өнгөрсөн оны сүүлээр нэг кафед үйлчлүүлж байхдаа Володимир Зеленскийг “Хошин шогийн өндөр мэдрэмжтэй, сайхан залуу. Түүний хошигнолыг сонсоод бүгд инээлддэг байлаа” гэж тус кафены нэг зөөгчид ярьж байжээ.
Кафены ажилчдын нэг нь энэ тухай цагдаад мэдээлсэн байна.
Слегинаг баривчилсан цагдаагийн ажилтан “Та манай дайсныг магтах ёсгүй” гэж хэлж байсан гэнэ.
Улмаар цагдаа нар хараа муутай өндөр настныг “Украин мандтугай гэж хашхирсан” гэх зохиомол мэдүүлэгт хуурч гарын үсэг зуруулсан тухай Мемориал байгууллага мэдээлжээ.
Ольга Слегина шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болсон байна.
Володимир Зеленский нь 2019 онд Украины ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө хошин урлагийн алдартай жүжигчин байсан юм.
Украины дайн эхэлсний дараахан ОХУ-ын эрх баригчид дайныг шүүмжлэх, өөрийн зэвсэгт хүчний талаар сөрөг мэдээлэл тараахыг хатуу хориглосон хууль баталж байв.
Эх сурвалж: memorialcenter.org