Нийгэм
Польш улсад 1,000 гаруй монгол иргэн амьдарч байна
Бүгд Найрамдах Польш Улс(БНПУ)-ын ерөнхийлөгч Анджей Дудагийн манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ.
Айлчлалын хүрээнд талууд олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
Түүх сөхвөл, Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа 1950 оны дөрөвдүгээр сарын 14-нд тогтоожээ. Польш Улс 1960 оноос Улаанбаатарт Элчин Сайдын Яам(ЭСЯ)-аа нээн ажиллуулж байгаад санхүүгийн бэрхшээлийн улмаас 1995 оны есдүгээр сард Улаанбаатар дахь ЭСЯ-аа хааж байв.
Харин 1999 онд ЭСЯ-аа сэргээсэн ч 2009 онд дахин хааж, Бээжингээс манай улсыг хавсран суух болсон юм. Польшийн Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр гаргаж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Манай улсын ЭСЯ Варшавт 1959 оноос тасралтгүй ажиллаж байна.
1915 оны хүн амын тооллогын баримтыг Польш улсаас авах хүсэлт тавьсан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байсан бөгөөд уг айлчлалын үеэр энэ асуудлыг шийдэхийг мэдэгдсэн.
Тус улсад 1,000 орчим монгол иргэн оршин сууж буй бөгөөд ардын уламжлалт анагаах ухааны 100 гаруй эмч ажилладаг.