Дэлхий
“Neuralink” компани хүнд чип суулгах туршилт явуулах зөвшөөрөл авав
Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани хүний тархинд чип суулгах эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрөл авчээ. Ингэснээр хүн компьютер болон утсыг гараа оролцуулалгүйгээр ашиглах боломжтой болох юм.
Тус компанийн мэдээлснээр, туршилтад оролцох хүмүүсийн сонгон шалгаруулалт одоогоор эхлээгүй байна.
“Neuralink” компанийг Илон Маск мэдрэлийн интерфейс хөгжүүлэх салбарыг шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэн, хүний тархинд бараг хязгааргүй тооны электродыг бүрэн автомат горимд суулгах робот бүтээх зорилгоор 2016 оны долоодугаар сард үүсгэн байгуулжээ. Алс хэтэд ийм төрлийн интерфейсийн тусламжтай хүн хиймэл оюун ухааныг сөрөх чадвартай киборг болж, бодлын хүчээр компьютерыг удирдаж сурах боломжтой болно гэж Илон Маск үзэж байна.
2021 оны хоёрдугаар сард “Neuralink” компани сармагчин дээр чип суулгаж, туршилт явуулсан. Судлаачид мэдрэлийн эсийн үйл ажиллагаа, тодорхой үйлдэл хоорондын холбоог судалж, тайлсан нь эсрэг холбоо үүсгэх боломж олгосон байна. Ингэснээр сармагчныг хулгана ашиглалгүйгээр дэлгэц дээрх курсорыг хөдөлгөж сургажээ.