Дэлхий
Нэгэн үед “эмэгтэй Стив Жобс” гэгдэж явсан эмэгтэй 11 жилийн хорих ялаа эдэлж эхэлжээ
Theranos компанийн гүйцэтгэх захирал асан Элизабет Холмс хөрөнгө оруулагчдыг залилсан хэргийнхээ шийтгэл болох 11 жилийн хорих ялыг эдэлж эхэлжээ.
Өчигдөр тэр АНУ-ын Техас мужийн Брайан дахь холбооны засгийн газрын хөнгөн дэглэмтэй хорих газарт ялаа эдэлж эхэлсэн байна.
Уг хорих газар нь Холмсын төрөлх хот Хьюстоноос 150 км зайтай оршдог.
39 настай Холмс гэртээ хоёр нялх хүүхэд үлдээгээд шоронд орж байгаа юм.
Тэрбээр 2021 оны долдугаар сард төрсөн нэг хүүтэйгээс гадна гурван сартай охинтой.
Холмс нь өөрийн дотны найз Санни Балванигийн хамт анагаах ухааны технологийн Theranos компанийг үүсгэн байгуулж, цусны шинжилгээгээр бүх төрлийн өвчнийг оношлох цоо шинэ аргыг нээснээ зарлаж байв.
19 насандаа Стэнфордын их сургуулийг хаяж, Theranos компанийг байгуулалцсан тэрбээр Цахиурын хөндийн хамгийн алдартай нэгэн болж, Apple-ийн үүсгэн байгуулагч, домогт Стив Жобстой зүйрлэгдэж байлаа.
зураг
АНУ-ын засаг захиргаанд өндөр албан тушаал хашиж байсан Жорж Шульц, Хенри Киссинжер, Жэймс Мэттис зэрэг эрхмүүдийг оролцуулаад олон хүн Therano компанид хөрөнгө оруулж, 2014 оны байдлаар зах зээлийн үнэлгээ нь $4.5 тэрбумд хүрсэн юм.
Үүний дараа The Wall Street Journal сонинд тэдний нээсэн гэх шинэ технологийн талаар цуврал нийтлэл хэвлэгдсэнээр луйвар нь ил болж байжээ.
Удалгүй олны нүднээс далд хамт амьдарч байсан Холмс, Балвани нар салж, Theranos компани нуран унасан юм.
2018 онд АНУ-ын хууль зүйн яам тэднийг хөрөнгө оруулагчдыг залилсан хэрэгт анх буруутгаж байжээ.
Холмс бизнесийн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн ч үүнд нь Балвани нөлөөлсөн, өөрийгөө ямар ч буруугүй гэж шүүхэд мэдүүлж байв. Харин Балванигийн өмгөөлөгч Холмсын мэдүүлгийг үгүйсгэж байжээ.
Холмсын хэргээс тусдаа шүүгдсэн 57 настай Балвани одоо Өмнөд Каролина мужийн шоронд 13 жилийн хорих ял эдэлж байгаа юм.
Холмс шүүхийн шийдвэрийг давж заалдаж, хорих ялаа тэнсэн харгалзах ялаар солиулах гэсэн ч амжилт олоогүй байна.
Тэрбээр 2017 онд буюу луйврын хэрэгт сэжиглэгдэж эхлэх үедээ хүүхдүүдийнхээ аав Уилльям Эванстай танилцаж, өнөөдрийг хүртэл хамт амьдарч байжээ.