Эдийн засаг
Евро бондын үлдэгдэл $400.2 саяыг бүрдүүлэхэд 4 сар үлдлээ
Хөгжлийн банк Евро бондын 500 сая ам.долларын төлбөрийг ирэх аравдугаар сард төлөх ёстой. Уг бондын төлбөр төлөгдөх хүртэл үлдсэн дөрвөн сарын хугацаанд зээлийн эргэн төлөлтөөр 400 сая ам.доллар төвлөрүүлэх шаардлагатай юм. Хэрэв чадахгүй бол шинэ бонд гаргана, эсвэл гадаад валютын нөөцөөс бондын төлбөрийг хийнэ гэсэн хоёр арга зам байгаа. Тэгэхээр Хөгжлийн банк ирэх саруудад хэдий хэмжээний зээлийг эргэн төлүүлэх вэ. Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн зээлүүдийн хувь заяа хэрхэх вэ гэдэг нь анхаарал татаж буй.
Тэгвэл Хөгжлийн банкнаас Евро бондтой холбоотой дараах мэдээллийг өгч байна.
“Монгол Улсын Хөгжлийн банк 2018 онд нийт 500.0 сая ам.долларын дүнтэй, 7.25%-ийн хүүтэй “Евро” бонд буюу “Ди Би Эм 2023” бондыг Засгийн газрын баталгаагүй бие даан олон улсын зах зээлд гаргасан. Тус бонд нь Сингапурын Хөрөнгийн биржэд бүртгэлтэй бөгөөд олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг бонд юм.
Хөгжлийн банканд зохистой өрийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2022 оны 52 дугаар тогтоол, 2023 оны 3 дугаар тогтоолын дагуу “Ди Би Эм 2023” бондоос худалдан авч тухай бүр хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ.
Дээрх шийдвэрийн хүрээнд банк нь 2022 оны 10 дугаар сараас хойш тус бондыг хэсэгчлэн буцаан худалдан авах ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд банк нийт 99.7 сая ам.долларын нэрлэсэн дүнтэй бондыг хүчингүй болгосон. Ингэснээр “Ди Би Эм 2023” бондын үлдэгдэл 500 сая ам.доллароос эргэн төлөх дүн буурч 400.2 сая ам.доллар боллоо.
Хөгжлийн банк нь 100.0 ам.доллар нэрлэсэн үнэтэй “Ди Би Эм 2023” бондыг хугацаанаас нь өмнө 92.4 ам.долларын жигнэсэн дундаж үнэ дээр худалдан авснаар одоогийн эзэмшиж байгаа багцын хүрээнд нийт 13.8 сая ам.доллар хэмнэж байна. Тодруулбал, “Ди Би Эм 2023” бондын эргэн төлөлтийг хийх хугацаа буюу 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр хүртэл үндсэн дүнгээс 7.54 сая ам.доллар, хүүгийн зардлаас 6.34 сая ам.доллар хэмнэсэн үзүүлэлттэй байна” гэлээ.
Сануулахад, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ажлаа өгсөн учраас шинэ гүйцэтгэх захирлын томилгоо хүлээгдэж буй.