Улс төр
Цахимаар сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийх вэ?
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүд иргэд мэдээллээ цахимаас авдаг болсон тул сонгуулийн сурталчилгааг цахим орчинд хийх талаар асуулаа.
Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаанд нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас; цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас; бусад цахим хуудас ашиглана.
Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлдэг байна.
Сурталчилгаа явуулах цахим хуудсыг Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш гурав хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлдэг талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир хариулав.
Улсын Их Хурлын сонгуульд оролцож буй нам, эвсэл нийт зардлынхаа 15 хувиас хэтрэхгүй хэмжээний зардлыг цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хэлэлцэу, гүйцээн сайжруулна. Үүний дараа УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.