Нийгэм
Архидалтын улмаас 0-16 насны зургаан хүүхэд хохирчээ
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2023 оны долоодугаар сарын 8-16-ны хооронд Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт осол гэмтлийн шалтгаанаар нийт 4796 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тэдгээрийн 2946 нь том хүн, 1850 нь 0-18 насны хүүхэд байсан аж.
Баярын өдрүүдээр мөн зам тээврийн ослын улмаас 530 хүн Яаралтай тусламж авсан нь нийт яаралтай тусламжийн 11%-ийг эзэлжээ.
Түүнчлэн мориноос унаж гэмтсэн тохиолдол 150 бүртгэгдсэн ба тэдгээрийн 66 нь хүүхэд байна. Үүн дотор уралдааны мориноос унасан 21 хүүхэд байгаа аж.
Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 56 хүн ГССҮТ-өөс тусламж, үйлчилгээ авчээ. (Өмнөх онд 98 хүн тусламж үйлчилгээ авсан)
Үүнээс 0-16 насны зургаан хүүхэд байна. Дээрх үйлчлүүлэгчдээс 14 нь аюулгүй байдлаа хамгаалуулсан бол дөрөв нь тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн 2022 оны долоодугаар сард ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 14.207 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Үүнээс эрэгтэй 8307, эмэгтэй 5900 байгаа бол, 0-18 насны хүүхэд 5965 байжээ.
Эх сурвалж: ГССҮТ