Нийгэм
Дархлааны эсийг хорт хавдрын эсрэг програмчлаж сургажээ
Женевийн их сургуулийн судлаачид хорт хавдрын эсрэг тэмцэх чадвартай гений өөрчлөлттэй эс бүтээжээ. Эдгээр эс нь дархлааны өндөр ой санамжтай бөгөөд хорт хавдрын эсийг таних өндөр чадвартай гэнэ. Эсийг идэвхжүүлснээр зарим төрлийн хорт хавдартай тэмцэхэд тус болно гэж эрдэмтэд үзэж байна.
“SciTechDaily” сэтгүүлд бичсэнээр, CAR-T эс нь хорт хавдартай өвчтөнөөс авч, гений өөрчлөлтөд оруулсан Т лимфоцит эс гэнэ. Эдгээр эсийг лабораторийн нөхцөлд үржүүлж, генийг нь өөрчилсний дараа эргээд өвчтөнд суулгадаг байна. Хүчилтөрөгчгүй болоход хорт хавдрын эсүүд амьд үлдэхийн тулд глутаминыг эрчим хүчний эх үүсвэр болгон хувиргадаг байна. Глутамин нь бие организмын бүхий л эсэд байдаг амин хүчил. Эрдэмтдийн онцолсноор Т лимфоцит эсүүд мөн л энэ механизмыг ашиглан, хурдан үрждэг байна. Генийг нь өөрчилсөн эсүүд хэвийн хурдаар үржиж эхэлсэн ч хорт хавдрын элементийг илүү сайн тогтоож байжээ. Ийм туршилтад орсон хулганууд хорт хавдраас эдгэрч эхэлсэн байна. Ой санамжийн эс их байх тусам хорт хавдрын эсрэг үйлдэл нь үр дүнтэй байх ба тэр хэрээр эмчилгээний үр дүн өндөр байна гэж судлаачид онцолжээ.