Дэлхий
Гал зогсоох гэрээний хүрээнд Хамасын барьцаанаас 17 хүн суллагдаад байна
Өнгөрсөн долоо хоногт Израил улсын Засгийн газар болон Хамас зэвсэгт бүлэглэл дөрвөн өдрийн турш галаа зогсоох тохиролцоонд хүрсэн. Энэ хугацаанд Хамаст барьцаалагдсан иргэдийг Израилд хоригдож буй палестинчуудаар солилцоно хэмээн мэдэгдсэн юм.
Тохиролцоо хэрэгжиж эхлээд гурав дахь өдрөө явж байгаа бөгөөд одоогийн байдлаар 39 палестин хоригдол, Хамаст барьцаалагдсан 17 хүн суллагдаад байна. Тэдний гурав нь гадаадын иргэн аж.
Суллагдсан хүмүүсийн хамгийн балчир нь дөрвөн настай америк, израил иргэншилтэй охин болох Абигэйл Идан юм. Охины эцэг эх Хамасын цэргүүдэд амь үрэгдсэн. Охин барьцаалагдах үедээ гурван настай байсан бөгөөд барьцаанд байх хугацаанд төрсөн өдөр нь болсон аж.
Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израил руу дайрахдаа 1700 гаруй хүний аминд хүрч, 240 орчим хүнийг барьцаалсан гэдэг. Үүнээс хойш Израилын арми хариу довтолсон бөгөөд Газын зурвас дахь Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 14 мянга гаруй палестин иргэн амь үрэгджээ.
Хоёр талын тохиролцсон гал зогсоох хугацаа өнөөдөр шөнөөр дуусгавар болж байгаа бөгөөд үүнийг сунгах хүсэлтэй байгаагаа Хамасын талаас мэдэгдсэн байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа гал зогсоох гэрээ дуусгавар болмогц Газын зурвас дахь зэвсэгт ажиллагаагаа дахин эхлүүлнэ гэдгээ мэдэгджээ.