Энтертайнмент
OpenAI компани анх удаа контентыг нь ашигласны төлөө хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгө төлөх гэрээ байгуулжээ
ChatGPT хиймэл оюуны платформыг хөгжүүлэгч OpenAI компани өчигдөр Германы хэвлэл мэдээллийн Axel Springer групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Axel Springer нь Politico, Bild, Business Insider зэрэг хэвлэл мэдээллийн брэндүүдийг эзэмшигч юм.
Гэрээний дагуу ChatGPT хэрэглэгчийнхээ асуусан асуултад хариулахдаа Axel группийн мэдээний контентоос авч ашиглах ажээ.
Ингэж ашигласныхаа төлөө OpenAI компани Axel Springer группт мөнгө төлөхөөр болсон байна.
Гэрээ хэдэн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд талуудын аль аль нь онцгой эрх эдлэхгүй байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл талууд ижил төстэй гэрээг бусад өрсөлдөгчидтэй байгуулах боломж нээлттэй юм байна.
OpenAI компанитай үүсгэсэн хамтын ажиллагаа нь “энэ төрлийн анхдагч” болохыг Axel Springer группийн гүйцэтгэх захирал Маттиас Дойфнер хэлжээ.
“Бид хиймэл оюуны технологиор хүчирхэгжсэн сэтгүүлзүйн боломжуудыг судлах зорилготой. Ингэснээр сэтгүүлзүйн чанар, нийгмийн хамаарал, бизнес загварыг дараагийн түвшинд хүргэхийг хүсэж байна” гэж тэр мэдэгдсэн байна.
ChatGPT чат бот нь хүмүүсийн хүсэлтээр эссе, өгүүллэг, шүлэг зэргийг хэдхэн секундэд боловсруулж өгөх чадвартай. Ингэхдээ интернэтэд тархсан мэдээ, мэдээллийг цуглуулж боловсруулдаг.
Гэвч худал хуурмаг мэдээлэл ашиглах эрсдэлтэй байдаг тул OpenAI баталгаатай эх сурвалжтай хамтрахыг зорьж байгаа бололтой.
Эх сурвалж: AFP