Эдийн засаг
Ажиллагчдын сарын дундаж цалин III улиралд өмнөх улирлаас 6.3 хувиар өсөв
2023 онд Төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлээд байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаас үндэслэсэн статистик үзүүлэлтээр ажиллагчдын сарын голч цалин 1.55 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнийг өмнөх улиралтай харьцуулахад 8.4 хувиар буюу 121.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин III улирлын байдлаар хоёр сая төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 436.1 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 6.3 хувиар нэмэгджээ. Дундаж цалин хүйсийн хувьд харилцан адилгүй буюу эрэгтэйчүүдийнх 2.3 сая, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна.
Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг, зочид буудал , байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.3 сая төгрөг байна.
2023 онд Төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлсэн юм. Улсын төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн урсгал зардлыг төлөвлөснөөс 50 орчим хувь нь Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулагдсан болохыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам мэдээлж байв.
З.Энхболор