Нийгэм
Автомашин худалдан авсан иргэдэд “аз”-ын дугаар борлуулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв
Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрүүдэд 136 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал, Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.
Улмаар “М” ХХК-д худалдааны төлөөлөгч Н.Д-тэй хамтран, тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдэд “аз”-ын болон сонирхол татахуйц улсын дугаарыг худалдан борлуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.
Эх сурвалж: УЕПГ