Дэлхий
БНСУ ослын гарцын тэмдэгт эмэгтэй хүний дүрс тавих санал гаргасан нь шүүмжлэл дагуулав
БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд ослын гарцын ногоон тэмдэг дээр эмэгтэй хүний дүрс тавих санал гаргасан нь олны шүүмжлэл дагуулав.
Ослын гарцын тэмдэгт олон улсын стандартын дагуу эрэгтэй хүн гэж болохуйц дүрсийг байршуулсан байдаг. 1987 онд Олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан тус ногоон тэмдгийг Өмнөд Солонгос улс 1992 оноос хойш ашиглаж байна.
Одоо байгаа тэмдэг нь зөвхөн эрчүүдийг илэрхийлдэг гэсэн гомдол ирдэг тул эмэгтэй хүний дүрсийг ч мөн ашиглах шийдвэр гаргасан гэв.
Харин иргэд эмэгтэй хүнийг иймэрхүү байдлаар дүрслэх нь цаг үеэ өнгөрөөсөн гэж үзэж байгаа аж. Түүнчлэн ослын гарцын тэмдэг дээрх дүрс нь аль нэг хүйсийг илтгэсэн бус, зүгээр л хүнийг илтгэсэн хэмээн шүүмжилж байгаа юм.
Түүнчлэн иргэдийн татварын мөнгөөр “тоглоом” хийхгүй байхыг уриалжээ. Харин тус яамнаас иргэдийн шүүмжлэлд “Эмэгтэй хүний дүрс ашиглах санал Засгийн газраас гарсан шийдвэр биш. Мөн мэргэжилтнүүд болон олон нийтээс санал асуулга авсны дараа шинэ дүрс тавих эсэхийг шийднэ” хэмээн хариу өгчээ.
Шинэ тэмдгийг баталсан ч хуучин тэмдгүүдийн оронд бус, шинэ суурилуулалтад ашиглагдах тул мөнгө хий дэмий үрж буй асуудал биш гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: The Korea Times