Дэлхий
Хятад улсын хүн ам хоёр дахь жилдээ дараалан буурлаа
Хятад улсын хүн ам хоёр дахь жилдээ дараалан буурсныг тус улсын эрх баригчид өчигдөр зарлалаа.
Лхагва гарагт нийтлэгдсэн албан ёсны статистикаас үзвэл 2023 оны сүүлээр тус улсын хүн амын тоо 1.409 тэрбумд хүрч, 2022 оныхоос 2.08 саяар буурчээ.
Энэ нь өмнөх оны бууралтаас хоёр дахин өндөр тоо юм.
2022 онд Хятадын хүн ам сүүлийн 60 жилийн түүхэндээ анх удаа буурч байв.
Хүн ам буурсан шалтгааныг мэргэжилтнүүд хотын оршин суугчдын тоо нэмэгдэж, хүүхдийн төрөлт буурсантай холбон тайлбарлаж байна.
1,000 хүн тутамд оногдох төрөлтийн тоо 6.39 болсон нь Япон, Өмнөд Солонгос зэрэг Зүүн Азийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрсэн үзүүлэлт болохыг өчигдөр бас мэдээлжээ.
Хятад улс 1980-аад оны үед хүн амын өсөлтөө хязгаарлахын тулд өрх бүр нэг хүүхэдтэй байх бодлого нэвтрүүлж байв.
2015 онд засгийн газар энэ бодлогоо цуцалж, айл өрхүүдэд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч, төрөлтийг дэмжих бодлого явуулж эхэлсэн юм.
Улмаар 2021 онд айл өрх бүр гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. Гэвч энэ арга хэмжээ нь хүн амын бууралтыг зогсоох нөлөө үзүүлж чадахгүй байна.
Залуус олноор хотод шилжин амьдарч, амьжиргааны болон боловсролын зардал нэмэгдсэнээс хүүхэдтэй болох сонирхол нэмэгдэхгүй байгаа. Үүнээс гадна цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт удааширсан нь бас нөлөөлж байна.
2023 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5.2 хувиар өсөж, 126 их наяд юаньд ($17.5 их наяд) хүрсэн нь сүүлийн 30 гаруй жилийн хугацааны хамгийн бага өсөлттэй жилүүдийн нэг болжээ.
2022 онд энэ өсөлт 3 хувь хүрсэн нь 1990 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болж байв.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын залуучуудын ажилгүйдлийн хэмжээ 14.1 хувьд хүрснийг өчигдөр зарласан тоо баримт бас харуулсан байна.
Зургаадугаар сард энэ хэмжээ 21.3 хувьд хүрэхэд Хятадын эрх баригчид сар тутмын тоон үзүүлэлтээ нийтэд зарлахыг түр зогсоож байжээ.
Нэг үе дэлхийн хамгийн их хүн амтай улс байсан Хятад өнгөрсөн онд энэ байр сууриа 1.425 тэрбум хүнтэй Энэтхэгт алдсан юм.
Эх сурвалж: BBC