Улс төр
Газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлаар “оролдохыг” хаана
Газрын асуудал бол маргаж мэтгэлцэх сэдэв биш. Нутаг ус, газар орноо эрх чөлөө, тусгаар тогтнол, оршин байхын үндэс гэж үзэх сэтгэлгээ монголчуудын хувьд Хүннүгийн домог төдий зүйл бус, нэн эртнээс уламжилсан гүн ухаан юм. Тийм ч учраас Монгол Улсын газрыг гаднын иргэнд 60+40 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх тухай асуудалд хүн бүр нэгдсэн байр суурьтай байгааг та бид бэлхнээ харж байна. Цахим өргөдлийн системд энэ талаар иргэний дэвшүүлсэн санаачилгыг 100 мянган дэмжсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуульд орсон дээрх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачилж, төр, иргэд нийтээрээ энэхүү язгуур үзэл санаанд нэгдмэл байгааг илтгэн харууллаа.
Төр алдаа гаргаж болохгүй гэж бид үздэг. Тиймээс хайр найргүй шүүмжилдэг. Төрийг ялгаагүй хүмүүс л ажиллуулж байгаа учир алдаж эндэх явдал байх ч түүнийгээ мэдэрч, цаг алдалгүй засаж, залруулж чаддаг байх нь эрхэм юм. Газар нутгаа гадаадын иргэдэд ашиглуулж, эзэмшүүлж болохоор заасан хуулийн заалт хэн гэдэг улс төрчийн удирдлагаар хийгдсэн бэ гэдэг нь өнөөдөр чухал биш. Хэн түүнийг цуцлах вэ гэдэг ч сонин биш. Гагцхүү Монголын төр алдаагүй нягт ажиллаж, алдсан бол залруулж, зөв хувилбар, шийдлийг гаргаж тавих чадвартай байх нь чухал.
Иргэд, олон нийт юуны төлөө зүтгээд, энэ хуулий зохицуулалтыг эрс эсэргүүцээд байгааг дээр, дооргүй бүгд мэдсээр хэрнээ ажил үүрэг хариуцсан хүмүүс өөрчлөх, залруулах оролдлого хийхгүй байгаад л эгдүүцээд байгаа юм. Харин УИХ-ын дарга үүнийг зөв мэдэрч, иргэдээ дэмжин хуулийг өөрчлөх алхмыг зоригтой эхлүүлж буй нь улс төрчийн хувьд зангараг суусныг нь харуулж байна. Зөвхөн хуулийн төсөл санаачлаад, батлагдахыг нь хүлээж суух хангалтгүй гэж тэрээр үзээд Хяналт шалгалтын Ажлын хэсгийг байгуулж байгаагаа зарлалаа. Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй Байнгын хорооны дарга нар, сайд нарын бүрдэлдэхүүнтэй энэ ажлын хэсэг ард түмний мэдээлэлд үндэслэн газрын асуудлыг шалгаж, Хяналт шалгалтын Түр хороо байгуулж, нээлттэй сонсгол хийх хүртэлх асуудлыг шийдвэрлэх юм байна.
10 гаруй жил хэрэгжчихсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үр дагавараар өдгөө Монголын газар нутаг ямар байдалтай болчихсон, хэн эзэн суучихсан байгааг тоолж нягтлах зайлшгүй шаардлага үүсээд байгааг ард иргэд ч хэлж байна, УИХ ч авч үзэж байна. Сэмэрхий даавуу шиг болоод зах сэжүүрээрээ салбарч, засаж залруулах аргагүй болчихсон бол бид цусаар уйлаад ч тусыг олохгүй. Улс орны оршин тогтнохын аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна гэж Г.Занданшатар маш оновчтой хэллээ. Ажлын хэсгийнхэн ирэх сарын 15-ны дотор бүрэн бэлтгэлийг хангаж, УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц нээлттэй сонсгол хийнэ. Цаашид газрын асуудлыг дур мэдэн хөндөж, зүй зохисгүй захиран зарцуулах, гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах талаар хууль, журам батлан гаргах, өргөн барихыг үүгээр хаана гэж мэдэгдсэн.
Түүний энэ мэдэгдэлд гадаадынханд газар арилжиж баяжсан улс төр, бизнесийн олигарх бүлэглэлийнхэн эгдүүцэж суугаа нь мэдээж. Хөрөнгөлөг, хүчтэй тэр хүмүүс зүгээр суухгүй нь лавтай. Өөдөөсөө өрсөн УИХ-ын даргыг буулгаж авахын тулд тэд юу ч хийхээс сийхгүй биз ээ. Учир нь тэрбээр, хууль зөрчиж, шударга бусаар олгогдсон газар, үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлыг нэгд нэгэнтүй гаргаж ирж, шалган шийдвэрлэж, хүчингүй болгохоо өнөөдөр зарласан. Тиймээс түүнийг болон УИХ-ын Ажлын хэсгийнхнийг хүчин мөхөсдүүлэхгүйн тулд ард нь асаатай танк шиг ард түмэн байгаа гэдгийг харуулах цаг болжээ.