Дэлхий
Москвагийн террорист халдлагын гүйцэтгэгчдийг олсон ч захиалагчийг олоогүй байгаагаа Путин мэдэгдэв
Баасан гарагийн орой Москвагийн концертын танхимд 139 хүний амийг хөнөөсөн этгээдүүд нь “Исламын радикал үзэлтнүүд” байсныг ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр хүлээн зөвшөөрчээ.
Гэхдээ аллагын захиалагчийг олж чадаагүй ч Украины эрх баригчид оролцсон байхыг үгүйсгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Путин өмнөх мэдэгдэлдээ халдлага үйлдсэн дөрвөн этгээд Украин руу зугтах гэж байгаад баригдсаныг хэлж байсан юм.
“Террористууд гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа яагаад Украин руу зугтах гэж оролдов, тэднийг тэнд хэн хүлээж байв” гэдгийг олж тогтоох шаардлагатайг Путин өчигдөр засгийн газрын гишүүдтэйгээ уулзах үеэр хэлжээ.
Энэ сарын 7-ны өдөр Москва дахь АНУ-ын элчин сайдын яам ойрын үед террорист халдлага гарч болзошгүй байгааг өөрийн тагнуулын эх сурвалжаас авсан мэдээлэл дээр үндэслэн анхааруулж байсан.
Баасан гарагийн халдлагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн Афганистан дахь салбар үйлдсэнээ хүлээсэн юм.
Москвад халдлага үйлдсэн бүлэглэл Франц улсын нутаг дэвсгэрт мөн халдлага үйлдэхээр төлөвлөж байж болзошгүйг тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр мэдэгдээд аюулаас хамгаалах арга хэмжээг чангатгаж байгаагаа зарлажээ.
Ингэхдээ тэр Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн Афганистан, Пакистан дахь салбар болох Хорасаны нэрийг дурдсан байна.
“АНУ янз бүрийн сувгаар өөрийн дагуул орнууд болон дэлхийн бусад улс орнуудад Москвагийн халдлагын ард Киевийн оролцоо байгаагүй, харин Исламын Улс бүлэглэлийн гишүүд, исламын шашинтнууд байсан гэж итгүүлэхийг хичээж байгааг бид харж байна. Киевийн дэглэмийг дэмжигчид өөрсдийгөө террористуудын хамсаатан, терроризмын ивээн тэтгэгч мэт харагдуулахыг хүсэхгүй байгаа ч олон асуултын хариу тодорхойгүй хэвээр байна” гэж Путин өчигдөр хэлжээ.
Ингэхдээ тэр АНУ-ын элчин сайдын яамнаас өгч байсан анхааруулгын талаар дурдаагүй байна.
Халдлага гарахаас гурван өдрийн өмнө Путин аюулаас хамгаалах албаны удирдлагуудтай уулзахдаа АНУ-ын анхааруулгыг “манай нийгмийг тогтворгүй болгох гэсэн өдөөн хатгалга” гэж тодорхойлж байжээ.
Баасан гарагийн орой “Crocus City Hall” цогцолборт гарсан халдлагын үеэр амиа алдсан хүний тоо 139, шархадсан хүний тоо 180 даваад байна. Шархадсан хүмүүсээс 100 орчим нь эмнэлэгт хэвтэж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.
Халдлагыг үйлдсэн гэгдэж буй Тажикистаны дөрвөн иргэнийг Ням гарагийн орой Москвагийн шүүх аллагад буруутгаж, мөрдөн шалгах ажлыг дуустал хорих шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: Associated Press