Дэлхий
Испани улс гадаадын иргэдэд “алтан виз” олгох хөтөлбөрөө зогсоохоор болов
Гадаадын хөрөнгө мөнгөтэй иргэдийг татах зорилготой “алтан виз”-ний хөтөлбөрөө Испани улсын засгийн газар цуцлахаар шийдвэрлэжээ.
Мягмар гарагийн засгийн газрын хуралдаанаар уг журмыг цуцлах тохиролцоонд хүрсэн байна.
500,000 еврогоос дээш үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гадаадын иргэд хөнгөвчилсөн шугамаар Испанийн иргэн болох боломжтой байдаг.
Уг хөтөлбөрийг 2013 онд ерөнхий сайд Мариано Рахойн консерватив засгийн газар нэвтрүүлж байжээ.
Евро бүсийн хямрал гүнзгийрч, үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орсон байсан тухайн үед гадаадын хөрөнгө оруулалт чухал байсан юм.
2023 оныг хүртэл хугацаанд нийт 6,200 орчим гадаадын иргэн Испани улсын “алтан виз”-ийг авчээ.
Үүний ихэнх нь буюу 2,712 нь Хятадын иргэд байсныг Транспаренси Интернэйшнл байгууллагын тоо баримт харуулж байна.
Дараа нь Оросын 1,159, Ираны 203, АНУ-ын 179, Их Британийн 177 иргэн энэ боломжийг ашиглажээ.
Уг журмаар бас хоёр сая евротой тэнцэх засгийн газрын бонд худалдаж авсан, эсвэл Испанийн шинэ залуу компанид хөрөнгө оруулсан гадаадын иргэд “алтан виз” авах боломжтой юм.
Гэхдээ нийт хамрагдсан гадаадын иргэдийн ердөө 6 хувь нь үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас бусад боломжийг ашиглажээ.
“Орон сууц бол бизнес биш, хүний эрх болохыг баталгаажуулах” зорилгоор “алтан виз”-ийн хөтөлбөрийг цуцалж байгаагаа ерөнхий сайд Педро Санчес тайлбарласан байна.
Гадаадын иргэдийн авсан үл хөдлөх хөрөнгүүд ихэвчлэн Мадрид, Барселон, Валенсиа, Малага, Аликанте хотууд болон Балеарын арлуудад байгаа нь тухайн бүс нутгийн орон сууцны зах зээлд дарамт учруулж, жирийн иргэд худалдаж авах боломжгүй болгож буйг тэр бас онцолжээ.
Гэхдээ сөрөг хүчнийхэн орон сууцны үнийн өсөлт “алтан виз”-ийн журамтай хамаагүй, нийлүүлэлт нь эрэлтээ хангаж дийлэхгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.
Нөгөө талаар Оросын өдөөсөн Украины дайнтай холбоотойгоор Европын Холбоо гишүүн орнууддаа хөрөнгө оруулалтаар иргэний харьяалал солилцох хөтөлбөрөө цуцлахыг шаардах болсон.
2022 онд Их Британийн засгийн газар гадаадын хөрөнгөтэй иргэдийг татах хөтөлбөрөө зогсоож байв. Дараа жил нь Ирланд улс мөн өөрийн ижил төстэй хөтөлбөрийг зогсоосон бол одоо Португалийн эрх баригчид ийм хөтөлбөр хэрэгтэй эсэхийг эргэн нягталж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC