Дэлхий
Илон Маск жолоочгүй автомашины туршилтыг зөвшөөрүүлэхээр Хятадад иржээ
Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск жолоочгүй буюу автомат жолоодлоготой автомашины туршилтыг зөвшөөрүүлэх зорилготой Хятадын нийслэл Бээжин хотод ирээд байгааг хэвлэлүүд олж мэдээлжээ.
Тэрбээр FSD (Full Self Driving) горимыг Хятадын эрх баригчдаар зөвшөөрүүлж, тус улсын зах зээлээс цуглуулсан өгөгдлөө бусад улсын зах зээлд нэвтрүүлэх алгоритмд ашиглах зорилготойг эх сурвалжууд мэдээлж байна.
Одоогоор FSD горимыг АНУ зэрэг дэлхийн цөөхөн улс хүлээн зөвшөөрсөн байдаг.
Хятад тэргүүтэй ихэнх улс орнууд ийм систем хангалттай боловсронгуй болж чадаагүй тул эрсдэлтэй гэж үздэг юм.
Саяхан АНУ-ын эрх баригчид Тесла компанийн автомат жолоодлогын горимоор замын хөдөлгөөнд оролцсон автомашинууд 13 осол гаргасныг тогтоосон юм. Эдгээрийн нэг тохиолдолд хүний амь үрэгдэж байжээ.
Хятадын ерөнхий сайд Ли Чянтай уулзахдаа Маск харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснийг Бээжингийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Хариуд нь ерөнхий сайд Хятад улсын зах зээл гадаадын хөрөнгө оруулагчдад үргэлж нээлттэй байдгийг онцолжээ.
Хятад улс бол Тесла компанийн хувьд хоёр дахь том зах зээл нь юм.
Гэхдээ сүүлийн үед Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн зүгээс өрсөлдөөн эрчимжиж байгаа.
Ням гарагт болсон уулзалтын үеэр Маск үүнийг хүлээн зөвшөөрснийг эх сурвалж мэдээлжээ. Тухайлбал тэр Хятадын үйлдвэрлэгчдийг “дэлхийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид” гэж тодорхойлсон байна.
2024 онд багтаан бүрэн автомат жолоодлоготой “робот такси” танилцуулахаа Маск энэ сарын эхээр амлаж байв.
Гэхдээ түүний амлалтад итгэхэд хэцүү байдаг. 2015 онд тэр бүрэн автомат жолоодлогын системийг 2018 онд нэвтрүүлэхээ амлаж байлаа. Өнөөдөр яригдаж буй робот таксийг Маск нэг жилийн дотор танилцуулахаа 2019 онд зарлаж байжээ.
Түүнийг компанийнхаа хувьцааны ханшийг өсгөхийн тулд автомат жолоодлогын системийн талаар үргэлж хэтрүүлэн ярьдаг гэж зарим ажиглагчид шүүмжилдэг.
2024 он Тесла компанийн хувьд хүндхэн эхэлж байгаа. Энэ оны нэгдүгээр улиралд тус компанийн борлуулалт 13 хувиар унаж, $17.3 тэрбумд хүрсэн юм.
Цэвэр ашиг нь өнгөрсөн оны нэгдүгээр улиралд $2.51 тэрбум байсан бол энэ оны эхний улиралд $1.13 тэрбум болж огцом буурсан байна.
2024 он гарснаас хойш Тесла компанийн хувьцааны ханш 32 хувиар унажээ.
Үүнд гол нь Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нөлөөлж байна.
Эх сурвалж: BBC