Улс төр
Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал
Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буландаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг нарыг онцолж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: Монгол дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангасан нийгмийн олон төлөөллөөс бүрдсэн парламентыг бүрдүүлэхэд улс төрийн намууд санаачлага гарган, байр сууриа нэгтгэн зөвшилцөж хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг амжилттай хийж чадсан. Улс төр, парламент дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд бүх талын оролцоо, дэмжлэг чухал байсан. МАН парламент дахь олонхийн хувьд бүлгээрээ дамжуулан идэвхтэй манлайлж оролцсон.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: Тооцоо судалгаагүй хуулиудаар цалин, тэтгэврийн нэмэгдэлийг үр дүнгүй болгож байна. Монгол төгрөг улам л цаас болж байна. Ард түмэн маань маш хэрсүү болжээ. “Найман жил та нар юу хийчхэв ээ, ямар үйлдвэр барив” гээд асуухаар эрх баригчид “Биднийг дахиад сонговол сайхан болгоод өгнө” гэдэг үлгэрээ ярьсаар байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.НОМИНЧИМЭГ: “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн асуудал олон жил хөндөгдөж ирсэн. Гучин жил явж ирсэн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн угжирсан асуудлыг анхаарч хууль эрх зүйн хүрээнд гаргалгааг нь гаргаж, хуулийн шаардлагыг нь тавиад явах юм бол гурван сарын дотор шийдэгдэж болдог гэдгийг харуулсан. Энэ бол хууль дүрэм, журмын дагуу шаардлага тавихад, Монгол Улсад хууль хэрэгжих юм бол аливаа асуудлыг цэгцэлж болдог юм шүү гэдэг л агуулга. Энд хүний хувийн өмч рүү дайрч давшиж, халдсан гэхээсээ илүүтэй хуулийн шаардлага тавьсан. Нөгөө талд нь түүнийг хүлээн зөвшөөрсөн л үйл явдал юм.