Дэлхий
Байден Украинд өгөх зэвсгийн тусламжийг удаасандаа Зеленськийгээс уучлалт гуйв
Нийтэлсэн
6 сар өмнөНийтлэлч
АдминАНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин улсад өгөх зэвсгийн тусламжийг удаасандаа Зеленськийгээс уучлалт гуйгаад 225 сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Талууд Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсоны дараа Парис хотод хэлэлцээ хийхээр уулзсан байна.
Энэ үеэр Байден өмнөх тусламж Конгресс дахь Бүгд найрамдах намын зарим гишүүдийн эсэргүүцэлтэй холбоотойгоор удсан ч Украинд дэмжлэг үзүүлнэ гэдгээ дахин илэрхийлэв. Тэрбээр Зеленськийд хандан “АНУ Украины талд зогсох болно. Та огт бууж өгөлгүй тэмцсээр байгааг онцлох нь зүйтэй” гэжээ.
Хариуд нь Зеленський ОХУ-тай тэмцэхэд АНУ-ын хамтын ажиллагаа маш чухал болохыг онцлоод, цаашдын туслалцаа, дэмжлэгт найдаж буйгаа хэлэв.
Тусламжийн шинэ багцад сум, зенитийн пуужин багтсан гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ВВС