Нийгэм
Малын өвөлжөө, хашаа, саравч барих стандарт боловсруулж байна
Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихсэж, цөлжилт, усны хомсдол, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөх, цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн давтамж нэмэгдэж, үүний нөлөөгөөр бий болсон гамшиг, эрсдэлд тэсвэрлэн үлдэх, хариу арга хэмжээ авах чадвар нь хязгаарлагдмал байгаагаас хүн ам, тэр дундаа малчид ихээхэн хохирол амсаж болзошгүй байна.
Иймээс УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд малын өвөлжөө, хашаа, саравч барих, ашиглах талаар байгалийн бүс нутгийн онцлогт тохирсон стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих талаар заасан.
Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах, малчны эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан “Малын өвөлжөө, хашаа, саравч барих стандарт”-ын төсөл боловсруулжээ.
Энэ стандартыг батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны есдүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн хүрээнд салбарын бодлого, чиглэлд нийцүүлэн батлуулахаар ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.