Дэлхий
Албадан үргүй болгосон эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг уриалжээ
НҮБ Перу улсын эрх баригчдад хандан 1990-ээд онд Хүн ам зүйн үндэсний хөтөлбөрийн хүрээнд албадан үргүй болгосон эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг уриалжээ.
“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, ийм төрлийн төрийн бодлогыг нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзэх боломжтой гэж НҮБ үзэн, Перугийн засгийн газар тус хөтөлбөрийн хохирогч болох 300 мянга гаруй эмэгтэйд нөхөн төлбөр олгох ёстой гэж тогтжээ. 1996-1997 оны хооронд албадан үргүй болгосон таван хохирогч эмэгтэй гомдол гаргасныг НҮБ-ын хороо хэлэлцэж, ийм дүгнэлт гаргасан байна. Хохирогчдын мэдүүлснээр, мэс заслыг тэдний зөвшөөрөлгүй хийсэн бөгөөд биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар дагуулжээ.
Перу улсад 1990-ээд онуудад Алберто Фүхиморигийн засаглалын үед эмэгтэйчүүдийг албадан үргүй болгох аян өрнүүлжээ. Хөтөлбөрт Андын нурууны бүс нутагт амьдарч буй уугуул иргэдийн тосгодын эмэгтэйчүүдийг түлхүү хамруулжээ. Перу улсын ерөнхийлөгч асан Алберто Фүхимори олон жилийн турш хорт хавдартай тэмцсэний эцэст энэ оны есдүгээр сард хорвоог орхисон юм. Түүний засаглалын үед албан тушаалаа урвуулан ашиглах, авлига, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг газар авчээ. Хожим нь тэрээр шүүхээр орж, 15 жил шоронд өнгөрүүлсэн билээ.